Канадын Ванкувер хотноо 21 дэх удаагийн Өвлийн олимп нээлтээ хийлээ. Нээлт эхлэхээс өмнө цэнгэлдэх хүрээлэнд хуран цугласан үзэгчдийг хөгжөөх нэг цагийн үзүүлбэр сонирхуулсан байна. Нээлтийн үйл ажиллагаа Канадын цагаар 18.00 цагт эхэлж, гурван цагийн турш British Columbia Place цэнгэлдэх хүрээлэнд үргэлжлэв. Сноубордын тамирчин Олимпийн таван цагиргийн нэг рүү үсэрч орсон нь нээлтийн үйл ажиллагааны гайхалтай сайхан эхлэл болсон. Хөгжмийн зохиолч Дэвид Персийн Англи болон Канадын төрийн дууллаас бүрдсэн "Орой дээрх дөл" ая эгшиглэсний дараа Хааны цагдаагийн морьт хорооны найман хүн цэнгэлдэх хүрээлэнгийн төв хэсэг рүү Олимпийн тоглолтын эзэн орны далбааг барин орж ирлээ. Мөн Өвлийн олимпийн спортын цогцолбор баригдсан уг газрын эзэн индиан омгийн дөрвөн удирдагч, нээлтийг үзэхээр тэнд хуран цугласан 60 мянган үзэгчдийн өмнө мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр уугуул нутгийнхан 20 метрийн өндөр мөсөн дүрснүүдийг тойрон үндэсний бүжгээ сонирхуулж байв. Дараа нь Канадын жааз хөгжмийн 16 настай дуучин Ники Леновски Канадын төрийн сүлд дууллыг дуулав. Энэ бүхний эцэст уламжлал ёсоор цагаан толгойн үсгийн дарааллаар орон орны баг тамирчдын жагсаал болж бараг 50-иад минут үргэлжиллээ. Тамирчдын жагсаалын дараа Канадыг цагаачдын эх орон гэдгийг, бас тус улсын байгалийн өвөрмөц онцлогийг харуулсан зарим хөтөлбөрийг сонирхуулав. Цэнгэлдэх хүрээлэнгийн дээвэр дор Хойд туйлын туяаг маш өвөрмөц байдалтай гэрлээр үзүүлсний дээр талбай дээр аварга том баавгай болон усандаа шумбаж байгаа үхэр хараацай/нэг төрлийн халим/-н сонирхолтой үзүүлбэрийг харуулав. Энэ мөчид үзэгчдийн толгой дээр алтлаг болон улаан агч модны навчис будран унаж байлаа.
Эцэст нь Канадын амбан захирагч Мишел Жан Өвлийн олимпийн нээлтийг албан ёсоор зарлав. Ванкуверийн олимпийн тамирчдын тангаргийн үгэнд анх удаа допинг хэрэглэхгүй байх тухай оруулсан нь энэ олимпийн нэг онцлог болсон. Зохион байгуулагчид нээлтийн өмнө энд цугласан үзэгчдэд жижиг бөмбөлөг болон цахилгаан гэрлүүд тараасан байсан нь цэнгэлдэх хүрээлэнг улам гоёмсог харагдуулж байлаа. Гэвч цэнгэлдэх хүрээлэнд гал асаахыг хориглосон байсан бөгөөд харин цорын ганц л гал дүрэлзүүлэхийг зөвшөөрсөн нь мэдээж Олимпийн бамбар юм. Олимпийн бамбар 45 мянган км урт замыг туулан 8 цаг 54 минутад цэнгэлдэх хүрээлэнд ирсэн байна. Түүнийг Пара олимпийн алдарт тамирчин Рик Хансен барьж ирсэн бөгөөд Оимпийн галыг гурван хүн зэрэг асаасан. Сонирхолтой нь үзэгчид эцсийн мөч хүртэл Олимпийн гал дүрэлзэх суурийг харах боломжгүй байв. Гэтэл энэ нь гэнэт газар доороос гарч ирсэн нь энд цугласан бүх хүнд жинхэнэ сюрприз байлаа. Өвлийн олимпийн нээлт түүхэндээ анх удаагаа битүү цэнгэлдэх хүрээлэнд болсны дээр нээлтийн үйл ажиллагааг цэнхэр дэлгэцээр манай дэлхийн гурван тэрбум хүн үзсэн гэж гадаадын хэвлэлүүдэд бичжээ.