Тав хоногийн дараа Ванкуверт эхлэх өвлийн олимпод оролцож буй Монголын тамирчид төрийн далбаагаа мандууллаа. Ванкуверийн цагаар 14.00, Монголын цагаар Даваа гаригийг оройн 22.00 цагт төрийн далбаагаа өргөлөө. Тамирчдын тосгоны дарга Алан Кристмасон, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар харилцан баяр хүргэж, бэлэг дурсгалын зүйлс солилцсоны дараа Монголын алтан соёмбот далбаа өвлийн олимпийн тэнгэрт 12 дахь удаагаа мандаж, төрийн сүлд дуулал эгшиглэв.
Ёслолд оролцсон тамирчин Х.Хаш-Эрдэнэ, Э.Очирсүрэн, дасгалжуулагч Л.Дорж, Штабын нарийн бичгийн дарга П.Тунгалаг, Канад дахь Монгол Улсын өргөмжлөлт консул Т.Роббинс, Ванкуверт суугаа монголчуудын төлөөлөгчид оролцлоо. Үүний дараа Ванкуверийн монголчууд баг тамирчидтай уулзан, сэтгэлийн бэлэг өргөв.
Монголын багтай хамт ӨАБНУ, Бельгийн баг мөн тугаа өргөсөн байна.