Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

АЛИАЛАГЧ 4-р хэсэг - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 4
Зочид 4
Хэрэглэгчид 0
АЛИАЛАГЧ 4-р хэсэг
poster


Чимээ аниргүй нам жим байлаа. Шарилжны үнэр ханхийж хаяа нэг салхи сэвэлзэнэ. Баттөмөр
харанхуй байшин руу явж орлоо. Нүдэнд юу ч үл үзэгдэх учир Баттөмөр машинаас буухдаа
урьдаас зэхсэн гар чийдэнгээ асааж өмнөх замаа гэрэлтүүлэв. Хог новш хаа сайгүй хөглөрсөн
байх бөгөөд хөгц, чийгний эхүүн үнэр ханхалж эхэллээ. Баттөмөр зүүн гартаа гар чийдэн
атгаж, баруун гараараа буугаа шагайсаар дотогшоо аажимхан гэтэв. Тэрээр аль болох чимээ
гарахгүйг хичээн, байшингийн дотогшоо үргэлжилсэн нарийн хонгилоор алгуурхан хянуур
алхаж байснаа эргэж харахад түүний орж ирсэн хаалга харанхуйн дундаас арай ядан ялгаран
харагдаж байв. Баттөмөр энэ хаалгаар эргэж гарч чадах эсэхдээ эргэлзэж байлаа. Учир нь,
тэрээр хүн төрөлхтнийг заналхийлж байгаа аймшгийг яаж устгах аргаа ч мэдэхгүй яваа. Ямар
нэгэн борооны үүл сарыг халхлаад ингэж харанхуй болж байгаа юм байлгүй дээ гэж Баттөмөр
дотроо бодсон ч энэхүү ямар ч гэрэлгүй харанхуй байдал түүнд өөрийн эрхгүй айдас төрүүлэн,
өнгөрөн одсон амьдралынх нь харанхуйн дунд өнгөрүүлсэн аймшигт хормыг нь сануулж
байв. Энэ мөчид Баттөмөр эргээд л аравхан настай жаахан хүү болоод хувирчээ гэлтэй хамаг
бие нь чичрэн салганаж, нүүрээр нь хүйтэн хөлс дааварлаж байлаа. Тэрээр өөрийгөө яг л
авсан дотор байгаа мэтээр төсөөлж байв. Өөрийг нь хүмүүс үхсэн гэж санаад авсанд хийгээд
газар булчихсаны дараа гэнэт сэтсэн юм шиг тийм мэдрэмж түүний бүх биеийг эзэмдэж, бүр
эрүүл ухаанаа гээхэд хүргэж байлаа. Хүмүүс өөрийг нь амьд гэдгийг мэдэхгүй , өөрсдөөсөө
тусгаарлан газар булж орхиод уишим ч үгүй яваад өгсөн яг тийм мэдрэмж. Тиймээ, Баттөмөр
энэ айдсыг маш сайн мэднэ. Дээр үед эмээгээ өнгөрсний дараа тэрээр " Үхсэнийхээ дараа
гэнэт сэрж хүмүүсээс тусгаарлагдсанаа мэдэх” тэр айдсыг сэтгэлээрээ мэдэрсэн. Эмээ нь нас
барсан тэр өдрийн ердөө л маргааш нь төрөл төрөгсөд, найз нөхөд нь эмээг нь нутаглуулсан.
Харин Баттөмөрийн хувьд эмээгээ үхсэн гэдэгт эргэлзэж байсан ч үүнийгээ бусдад хэлээгүй.
Өмнө нь нэг удаа ээжийнхээ үхлийн тухай зөгнөснөө аавдаа хэлээд байдлыг бүр ч дордуулж
байсан учраас тэр удаад амаа хамхихаар шийдсэн. Мэдээж магадгүй тэр нь зөв байсан байх.
Эмнэлгээс үхсэн гээд тогтоочихсон цогцосыг амьд гэж зүтгэх нь хэнд таалагдах билээ. Баттөмөр
оршуулах ажлыг чимээгүйхэн өнгөрөөхөөр шийдсэн юм. Эмээгийнх нь оршуулга ч хурдан
цомхон болж " Далан давхар” хэмээх оршуулгын газар нутаглуулахад нь Баттөмөр эмээгийнхээ
шарилд хүрэх хүрэх газрыг өөрийн мэдэлгүй маш сайн тогтоож авч билээ. Тэр үед Баттөмөр
арван таван нас хүрч байсан. Түүний сэтгэл эмээгээ нутаглуулаад буцаж байхад маш ихээр
үймрэн сандарч, өөрийн мэдэлгүй " Эмээ маань үхээгүй байна” гэж хэд хэдэн удаа чарласан
ч оршуулгын ажилд оролцсон хүмүүс түүнийг эмээгээсээ хагацсандаа уймарч байна гэж үзээд
зүгээр л аргадан тайвшруулах гэж оролдсон. Ингэсэн ч нэмэргүй Баттөмөр цамнаж хашхичаад
болсонгүйд оршуулгын ажилд оролцогчид арга буюу түүний аманд алчуур чихэн байж дуугүй
болгосон. Тэгээд Баттөмөр гараа ардаа хүлүүлээд амандаа алчуур чихүүлж, хоёр хүн түүнийг дундаа суулгаад тэвэрчихсэн болохоор яаж ч чадалгүй дэмий л уйлж байлаа. Хүмүүс түүнийг
аргадан тайвшруулахыг оролдож байсан ч Баттөмөрийн нүдэнд эмээгийнх нь авсан дотроо
хөдөлж амь орж байгаа нь бодитой юм шиг харагдсаар л байсан.
Ингэсээр эцэст нь Баттөмөр жаахан ч гэсэн тайвширч хүмүүс түүний хүлээсийг тайлж аманд нь
чихсэн алчуурыг авсан. Тэгэхэд өөрийгөө золтой л галзуугийн эмнэлэг рүү ачигдчихаагүйдээ
Баттөмөр хожим баярлах болсон доо. Тэр үед Баттөмөр эмээтэйгээ хоёулхнаа амьдардаг
байсан болохоор анх удаа шөнийг гацаараа өнгөрүүлэх цаг мөч тулж ирсэн. Хүмүүс гэрээс нь
уван цуван явсаар оройн 23 цаг гэхэд Баттөмөр гэртээ орь ганцаархнаа өмнө нь зул асаасан
эмээгийнхээ хөрөгнөөс өөр ханьгүй хоцорч билээ.
Үхэгсдийн хотоос өөрийг нь дуудах эмээгийнх нь дуу түүнд огтхон ч амар заяа үзүүлсэнгүй.
Түүнийг гэртээ ганцаараа үлдсэнээс хойш эмээгийнх нь аврал эрэн дуудах мэт энэ дохио
улам хүчтэйгээр ирж байлаа. Амьгүй болсон цогцос авсан дотроо гэнэт сэрээд гарахыг хүсч
байна. Агаар муутай, харанхуй, давчуу жижигхэн модон хайрцган дотор гэнэт сэрсэн эмээ нь
өөрийгөө үхээгүйдээ маш ихээр харамсаж, хамаг хүчээрээ тийчилж байгаа нь Баттөмөрийн
нүдэнд үзэгдэж маш ихээр зовоосоор байсан. Түүний хувьд хамгийн аймшигтай нь тэр
давчуу бие барьсан харанхуй авсан дотор эмээ нь нэг мөсөн амиа хорлох боломж ч байхгүй
гэдгийг төсөөлсөн төсөөлөл байсан. Тиймээ, энэ төсөөллөөсөө болоод Баттөмөр эгээтэй л
солиорчихоогүй. Өөрийгөө дэмий юм бодож байна, эмээгээ үнэхээр үхсэн хэмээн өөртөө дахин
дахин хэлж байсан ч эцэстээ ийм байдлаар өөрийгөө тайвшруулах ямар ч боломжгүй гэдгээ
ойлгосон. Тэгээд л шийдсэн. Цаг алдалгүй түргэн очиж эмээгийнхээ амийг аврахаар шийдсэн.
Магадгүй өөрийнх нь зөгнөл төсөөлөл буруу байж гэмээнэ түүнийгээ батлахаас нааш санаа нь
амрахгүй нь гэдгээ ойлгосон.
Ийнхүү Баттөмөр ганцаараа яасхийж тайван хонох билээ гэж бодохын оронд зүгээр л хүрз,
жоотуу, гар чийдэн зэргийг шуудайд хийгээд оршуулганд оролцсон хүмүүсийн буяны мөнгийг
бүгдийг нь авч өмднийхөө арын халаасанд чихээд гарч одсон. Шууд л үүдэн дээрээсээ такси
барьж " Далан давхар газрын наана очно” гэхэд жолооч эр нэг гайхаж харснаа олон юм
шалгаалгүй хөдөлж билээ. Шуудайтай юм үүрээд энэ харанхуй болсон хойно оршуулгын газрын
наана очиж яах нь вэ, хүү минь? гэж жолооч эрийг асуухад Баттөмөр эмээгээ аврах гэж байгаа
юм л гэж хэлсэн. Өөр юу ч хэлээгүй. Харин үүнийх нь хариуд хижээлдүү насны жолооч эр түүн
рүү солиотой хүн рүү харж байгаа юм шиг тийм нүдээр эргэж хараад өөр юм асуулгүй чимээгүй
болж билээ. Тэгээд л машины моторын намуухан жигд хүнгэнэх дуунаас өөр чимээ гаралгүй
явсаар Далан давхрын наахна хүрч ирсэн. Хэдий Баттөмөр оршуулгын газар луу дотогшоо
орохыг хүссэн ч бүтээгүй.
Машины жолооч оршуулгын газрын гүн рүү орохоос сэжиглэн жийрхэж, Баттөмөрийг наана
айлуудын захад буулган, мөнгөө аваад арилж өгсөн дөө. Ингээд л Баттөмөр шуудайд хийсэн
хүрз, жоотуугаа үүрэн гар чийдэнгээ тусгаж өглөөхөн оршуулсан эмээгийнхээ булшийг ухахаар
яаравчлан алхаж билээ. Тэгэхэд түүний урдуур хойгуур янз бүрийн амьтан сүүтгэнэн гүйх
шиг болж, булшны цагаан чулуу сарны гэрэлд цайран харагдаж байв. Баттөмөр айснаасаа
болоод уйлж байсан ч түүнд буцаж зугтах эрх байсангүй. Учир нь, эмээ нь түүнээс аврал
эрэн авсан дотроо амь тэмцэн тийчилж байгаа тийм дүр зураг түүний нүдэнд тасралтгүйгээр
үзэгдэн зовоож, ганц хором ч тайван байлгахгүй байсан билээ. Баттөмөр бүдэг бадаг харагдах
уулын толгойгоор баримжаалж, гар чийдэнгээр өмнөх замаа гэрэлтүүлэн эмээгийнхээ булшийг
хайн гүйж явахад гэнэт хэн нэгэн түүний баруун шилбэнээс хүйтэн гараараа атгаад авсан.
Баттөмөр айсандаа дуу алдан салгалж, эргэж ч харалгүй урагшаа зүтгэн зугтах гэсэн хэдий
ч хөл нь тушаатай юм шиг хөдлөөгүй. Айсандаа арай л ухаан алдчихаагүй жаахан хүү арга
буюу арагшаа хяламхийн харахад түүний нүдэнд юм үзэгдээгүй. Тэгтэл харин хөлийг нь барьж
байсан хэн нэгэн гараа / эсвэл өөр юу ч байсан байж мэднэ/ тавьж Баттөмөрийг чөлөөлсөн.
Гэсэн хэдий ч түүний баруун хөл нь тушаатай юм шиг урагшаа гишгэж чадахгүй болсон. Ямар
нэгэн юманд тээглэн орооцолдоод, өөрийн биш хүний хөл юм шиг л аашилж эхэлсэн нь тэр.
Тэр үед Баттөмөр яаж ч хичээсэн баруун хөлөө огтхон ч удирдаж чадахгүй байсан. Түүнийг
замдаа саатах болгонд эмээ нь яаруулж, харанхуй авсан дотроо амь тэмцэн амьдрал гуйж
байгаа нь мэдрэгдэж байлаа. Баттөмөр бараг нэг цагийн туршид эмээгийнхээ шарилыг унаж
тусаж, мунгинан хайсаар арайхийн олж билээ. Тэгээд хавь орчноо болгоомжилсон нүдээр харсан ч эргэн тойрон ярайн харагдах үхэгсдийн нэр сийлсэн чулуун хөшөөнүүдээс өөр юу
ч харагдсангүй. Тэр нас барагсдын нэрийг сийлсэн хүйтэн чулуунууд яг л амьд хүмүүс нас
барсан хүнээ чимээгүхэн гашуудан хардагтай адилаар ямар ч чимээ гаргалгүй цоо ширтэх мэт.
Чухам энэ үед л тэрээр өөрийнхөө хөлийг удирдахтайгаа болсон юм. Ингээд Баттөмөр шууд л
"амьдаараа булагдсан” эмээгийнхээ шаилыг ухаж гаргах ажилд шамдан орсон. Арван тавхан
настай жаахан хүү шарилыг нээхээр хамаг хүчээ шавхан жоотуугаар шинэхэн цементэлсэн
булшийг балбаж гарах нь тэр. Гартаа атгасан жоотуугаа ч олигтойхон өргөчихөж чадахгүй
жаахан хүүд энэ нь үнэндээ л ахадсан ажил байв. Гэсэн хэдий ч Баттөмөр бууж өгөөгүй юм.
Хамаг айдас түгшүүр, ядарч туйлдсан байдлаа умартан хамаг хүчээ шавхан балбасаар байлаа.
Ийнхүү бараг хоёр цаг хэрээтэй хамаг хүчээ шавхан ноцолдсоны эцэст өглөөхөн цутгасан
цемент цөмрөн нээгдэж доороо байгаа модон хайрцган дээр чулууны үйрмэгүүд нужигнан унаж
билээ. Тэгэхэд Баттөмөр авсны дээрээс ээжийг нь оршуулсантай адилаар шороо асгаагүйд
маш ихээр олзуурхаж байсан. Хэрвээ авсны дээрээс шороогоор давхар булчихсан байсан бол
Баттөмөр авсыг нээх гэсээр бараг өглөө болгочих байсан биз. Тэгэхэд намрын улирал байсан
болохоор шөнийн жиндүү салхи хайр найргүй довтолж байв. Баттөмөр цементийг бараг юу
ч үгүй үйрүүлэн нураажээ. Тэгээд зөвхөн доошоо орж авсны тагийг нээх л үлдэв. Яг энэ үед
Баттөмөрт нэгэн аймшигт бодол төрсөн нь өнөөг хэр нь түүний санаанд үе үе орж ирсээр байдаг
юм. Тэр бол эмээгийнх нь авс өөрийнх нь төсөөлж байсан, магадгүй өглөө харснаас хэтэрхий
жижиг бариу байсан явдал бөгөөд хэрвээ энэ авсан дотор эмээ нь ухаан орсон байж гэмээнэ
биеийнхээ чилээг гаргаад хөдөлчих ч боломж байхгүй юм даа гэсэн бодол. Хэсэг хугацаанд
амьсгалж болох өчүүхэн жаахан агаарын хувьд бүр ч ярих юмгүй. Товчхондоо бол Баттөмөр
булшны цементийг цөмлөсний дараа энэ жижигхэн авсанд хүн тийм ч удаан тэсэхгүй юм байна
даа гэж бодсон нь өөрийн эрхгүй ухаан баларттал айхад хүргэж байсан юм. Гэхдээ энэ бодол
нь Баттөмөрийг хоёр дахин илүү хурдан хөдлөхөд хүргэсэн. ТЭСЭЭРЭЙ ЭМЭЭ МИНЬ!!!
Тэрээр булшны хавчиг нүх рүү үсрэн орж авсны таган дээр түг хийтэл буув. Баттөмөр эхлээд
авсыг нээхийн тулд дээр нь овоолорсон том том цементийн хэлтэрхийнүүдийг гадагш нь шидлэх
хэрэгтэй болж билээ. Тэр шөнө маш хүйтэн, салхи сэвэлзэн үлээж байсан ч хүнд хүчир ажлаасаа
болоод Баттөмөрийн хар хөлс нь цутгаж байсан юм. Тэрээр цементийн хэлтэрхийнүүдийг
нүхний амсар давуулан шидэлж байхдаа айж сандарснаасаа болоод хамаг бие нь салганан
чичирч, нулимс нь урсаж байсан. Уг нь бүхний мартаад буцаад гүймээр байсан ч ямар нэгэн
далдын хүч түүнийг уг авсны тагийг нээлгэхийн тулд байгаа газар нь уяж байлаа. Удахгүй
авсны тагийг нээнэ. Тэгээд чухам юу олж харах бол?
Энэ асуултыг Баттөмөр өөрөөсөө тасралтгүй асууж хариуг нь төсөөлснөөсөө болоод маш ихээр
айж байсан хэдий ч хамаг хурдаараа идэвхийлэн хөдөлсөөр. ЭМЭЭ ЭНЭ ХАРААЛ ИДСЭН АВСАН
ДОТОР АМЬД БАЙГАА, ТҮҮНИЙГ АВРАХ ХЭРЭГТЭЙ.
Баттөмөр эцсийн эцэст өөрийгөө зоригжуулахын тулд ийнхүү чанга хашхиран хэлж билээ.
Харин хариуд нь хаа нэгтэйгээс хэн нэгэн шулмын хоолойгоор тачигнатал инээсэн. Гэтэл түүнд
бас нэгэн саад учирсан.
Ээ, чааваас гэж. Авсны тагийг хэн нэгэн монгол цоожоор цоожилчихсон байх нь тэр. Ямар
үхснээ хийж, хийх юмаа олж ядсан новш нь үүнийг түгжчихээ вэ? Яах гэж ингэв? Эмээг
үхснийхээ дараа авснаасаа гараад ирчихэж магадгүй гэж болгоомжилсондоо ингээд цүүцээр
дараад цоожилчихсон нь энэ үү? Эсвэл эмээ үхэхээсээ өмнө аягүй бол намайг шарилыг нь ухаж
мэднэ гэж айгаад хэн нэгэнд миний авсны тагийг цоожлоорой гэж захисан хэрэг үү?
За үгүй дээ. Дэмий юм бодохоо больж үз. Зүгээр л энэ цоожийг хурдхан шиг эвдэх хэрэгтэй.
Ядаж байхад хэн нэгнийх нь санаачилгаар мөнгө хэмнэж, эмээгээс өөрөөс нь ч богинохон авс
хийчихэж.
Тиймээ арван тавхан настай Баттөмөр тэр үед өөртөө ингэж хэлээд хүрзээрээ монгол цоожийг
хэд хэдэн удаа балбаад мулталж чадсан. Яг тэр үед бороо цутган тэнгэр дугарч билээ. Газар
сайгүй бороо цутган орж, их усны шаагих чимээ чихнээ тодхон сонсогдож байсан. Тэр үед
Баттөмөрийг булшнаас гарч ирэхийг нь хүлээн өч төчнөөн муу ёрын сүнснүүд ухсан нүхний
ирмэг дээгүүр шавааралдан суучихсан байгаа нь арван тавтай хүүд мэдрэгдэж байсан даа.
Хэрвээ эмээ үнэхээр үхчихсэн тэгээд амилаагүй бол би яах билээ? Миний хийсэн энэ бүх
үйлдлүүд юу болж таарах вэ? Тэгвэл би зүгээр л галзуу хүн болж таарна. Угаасаа би галзуу ч байж магадгүй. Тухайн үедээ Баттөмөр ийнхүү эргэлзэж байсан ч эцсийн эцэст авсны тагийг
нээсэн. Тэгээд тэр олж харсан. Тиймээ, эмээгийнхээ амьгүй хэрнээ атираад хөдөлчихсөн,
хамгийн сүүлд харснаас өөр байрлалтай болж, аниатай байсан нүд нь нээгдсэн цогцсыг олж
харсан. Эмээгийнх нь тэр амьгүй нүдэнд маш их зовлон шаналал, айдас хургачихсан байсныг
Баттөмөр гар чийдэнгээ тусган байж олж харсан. Тэр айсандаа эсвэл эмээгээ аварч чадалгүй
хоцорсондоо харамссан уу, ямартай ч уйлж байсан бөгөөд түүнээс үүдэн гар чийдэнгийнх
нь тусгал тогтохгүй чичирхийлэн хөдөлж байсан нь санагддаг. Ингээд л эмээ нь авсанд
түгжигдсэнийхээ дараа ухаан оржээ гэдэг нь ойлгомжтой болсон. Авсанд хийсэн цогцсыг ухсан
нүх рүү хийхэд ингэж хөдөлнө гэж байхгүй. Хөдлөх хөдлөхдөө бүр гараа нугалаад, хөлөө
атираад, хүзүүгээ гилжийлгэчихсэн байх нь яавч энгийн нэг тохиолдол биш байлтай. Басхүү
үүгээр ч тогтохгүй эмээгийнх нь авсанд ухаан орсны хөдлөшгүй баталгаа Баттөмөрийн нүдэнд
туссан нь авсны тагны дотор талд үүссэн хэн нэгэн самардсаны шинэхэн ул мөр байсан явдал.
Хэн нэгний ч гэж дээ, мэдээж эмээгийнх нь гэдэг нь лавтай. Баттөмөр өөрийгөө зоригжуулан
байж, арайхийн эмээгийнхээ хуруунд гар чийдэнгийнхээ гэрлийш тусгаж хараад ихэнх хуруу
нь шалбараад цус шүүрээд хатчихсан байхыг олж харсан. Энэ нь мэдээж авснаас гарах гэж амь
тэмцэн самардсаны ул мөр, гашуун үнэний үлдэгдэл.
Баттөмөр өнгөрөн одсон аймшигт явдлынхаа манан дундаас арайхийн бодит байдалдаа эргэн
ирлээ. Гэхдээ тэрээр яагаад энэхүү санахыг ч хүсдэггүй өнгөрсөн рүү оюун ухаан нь хөврөн
одсоныг удалгүй ойлгов.
Авсны тагийг нээхэд сэнхийж байсан тэр өмхий эхүүн үнэр. Яг тэрхүү дотор муухай оргим
таагүй үнэр одоо үнэртэж байна. Баттөмөрийн алиалагчийг хайн алгуурхан алхаж байгаа энэ
балгаснаас яг тэр үхдэлийн гэмээр үнэр үнэртэж байх нь тэр. Энэ үед Баттөмөрийн толгойд
энд үхдэлүүд байгаа байх нь ээ гэсэн бодол зурсхийн орж ирлээ. Гэтэл түүний энэ бодолтой
зэрэгцэн өмнүүр нь нэгэн сүүдийсэн хар дүрс ухасхийн өнгөрлөө. Энэ юу байсан бэ? Уг сүүдэр
өөрийнх нь өмнүүр өнгөрөхөд үхдэлийн үнэр улам хурцаар үнэртэв. Үхдэл амилчихсан нь
энэ үү? Баттөмөр өөрөө өөрөөсөө ингэж асуугаад гар чийдэнгийнхээ гэрлийг хэдэн тийш нь
маш хурдтайгаар тусган хараад юу ч олсонгүй. Бас тэрээр яагаад ч юм эмээ гэж дуудмаар
болсон ч амаа хамхилаа. Гар чийдэнгийнхээ гэрлийг тусгах зүгтээ буугаа давхар онилж өөрт
нь заналхийлэх аюулыг хүлээн биеэ бэлтгэж байсан ч түүн рүү хэн ч довтолсонгүй. Баттөмөр
урагшаа хэд алхаад урд өмнө нь тусдаа өрөө байсан бололтой хаалга нь алга болсон нарийн
аркаар явж орлоо. Энд өнөөх үнэр бүр хурцаар үнэртэж байна. Яг л өмхийрсөн махыг давслаад
шарж байгаа мэт тийм үнэр. Баттөмөр гар чийдэнгээр өмнөх замаа гэрэлтүүлсээр урагшаа
дахин хэд алхтал түүний араар хэн нэгэн өмхий үнэрээ ханхлуулсаар шуртхийн өнгөрөв. Эргэж
хараад гэрэл тусгасан ч бас л хэн ч алга. Гар чийдэнгийн энэхүү өчүүхэн жаахан гэрэл энэ
том харанхуй байшинг гэрэлтүүлэхэд дэндүү хангалтгүй байлаа. Энэхүү том харанхуй байшин
гар чийдэнгийн жаахан гэрэл хоёр яг л өнөөх сагсан бөмбөг шар будаа хоёрыг харьцуулсан
тэр харьцааг санагдуулж байх нь тэр. Баттөмөр өөрийн эрхгүй дагжин чичирч эхэллээ. Урдуур
хойгуур сүүтэгнээд байгаа энэ өмхий амьтан ганцаараа биш байх нь. Энэ амьтан алиалагч биш,
гэхдээ тийм байлаа гээд ямартай ч сайн сайхан амьтан биш гэдэг нь ойлгомжтой. Баттөмөр
чийдэнгээ дахин урагш нь тусгалаа. Тэгмэгцээ тэрээр огло үсрэн цочих нь тэр. Буланд нэг хүн
байна. Гар чийдэнгийн гэрлийг нүүрэнд нь тусгаж харвал эмэгтэй хүн байх бөгөөд гэрлийг
огтхон ч ажирсан шинжгүй гараа долоох аж. Уг эмэгтэйн царай харанхуйд сайтар харагдахгүй
байсан ч ямартай ч хувцас хунар нь халтартаж, үс нь хог шороонд зууралдан ширэлдсэн
байлаа. Эмэгтэйн хамаг бие нь салганан чичирч байх бөгөөд тэрээр гараа долоохоос өөр
ямар ч зүйлд анхаарал сарнихгүй байх аж. Энэ харанхуй том балгасанд ганц эмэгтэй юу хийж
байгаа юм бол гэсэн бодол Баттөмөрт төрж, айх гайхах сэдэл төрүүлж байсан ч тэрээр түүн
рүү ойртлоо.
- Хөөе, эмэгтэй. Та зүгээр үү? Таны гар чинь бэртчихээ юу?
- ... / Үл таних эмэгтэй Баттөмөрийн асуултанд хариулсангүй, эсвэл магадгүй бүр сонссонгүй
/
- Хөөе, чи намайг сонсож байна уу?
Баттөмөр ингэж хэлээд түүн рүү улам дөхөв. Үл таних эмэгтэй түүний үгийг сонссон ч үгүй,
бүр ядаж хүний урманд харсан ч үгүй. Баттөмөр эмэгтэйн биенд хүрэхэд одоо ердөө тавхан алхмын зай үлджээ. Бүсгүй гараа долоосоор. Яагаад ч юм бүсгүй маш ихээр өлссөн юм шиг
мэдрэмж төрүүлнэ. Басхүү ам нь үнэхээр завгүй байгаа бололтой ямар нэгэн зүйл шал шал
хийлгэн тамшаалан зажилж байх нь тэр. Энэ бүсгүйгээс өнөөх үхдэлийн өмхий үнэр маш
хурцаар ханхалж байлаа.
Бүсгүй гараа долоосоор. Үгүй ээ, бүсгүй гараа долоогоогүй байх нь. Түүний чухам юу хийгээд
ингэж ухаангүй байгааг Баттөмөр ойлголоо. Энэ эмэгтэй өөрөө өөрийгөө идэж байна. Гараа
тасар татан зулгааж, өөрийнхөө цусыг завьжаа дагуулан савируулан урсгасаар сорж байх нь
тэр. Баттөмөр үнэндээ ийм дүр зураг олж харна чинээ санаагүй учир аргагүй барьц алдан
сандарч, өөрийн эрхгүй хоёр алхам ухарлаа. Тэнгэр минь энэ чинь юу гээч вэ. Баттөмөр эхэндээ
нүдэндээ итгэсэнгүй. " Байж боломгүй юм” хэмээн амандаа шивнэсээр гар чийдэнгээ өөрийгөө
идэж буй эмэгтэй рүү дахин тусгаж хараад бүр ч ой гутах шиг болов. Энэ эмэгтэй өөрийгөө
ингэж идсээр байгаад үхэх байх даа гэсэн бодол Баттөмөрт төрөхтэй зэрэгцэн түүний араас
хэн нэгэн дайрлаа. Нохой шиг хэрнээ бөглүү архирах дуун гарч хэн нэгэн эрэгтэй өөр лүү нь
үсрэхэд Баттөмөр зайлж амжжээ. Баттөмөр ийнхүү хажуу тийш үсрэхдээ ямар нэгэн зүйлд
тээглэн унаж, гар чийдэнгээ алдав. Харин буугаа алдсангүй. Харанхуйд Баттөмөрийн өөдөөс
хэд хэдэн хар бараан дүрс маш хурдтайгаар сүүтгэнэн гүйж ирлээ. Хамар сэтлэх нь үү гэмээр
өмхий эхүүн үнэр тогтож суухын аргагүй ханхалсаар. Ээ, новш гэж ЯВДАГ ҮХДЭЛҮҮД. Баттөмөр
ямар ч эргэлзээгүйгээр өөр лүү нь дөхөж яваа гурван хар дүрсийн нэгнийх нь толгой руу нь
чиглүүлэн буудлаа. Буудуулсан этгээд тэр даруй тас гэдрэгээ саван унасан ч үлдсэн хоёр нь
хүний урманд буун дуунаар цочсон ч үгүй. Тэд Баттөмөр лүү маш хурдан үсрээд ирэв. Тэр хоёр
одоо Баттөмөрийг бариад авахад ердөө л гурав дөрөвхөн алхам дутуу байна. Баттөмөр хүн
буудсандаа бага зэрэг балмагдан сандарч байснаа маш хурдан сэхээ авч амжлаа. Тэрээр газарт
хэвтсэн чигтээ өөрт нь бараг тулаад ирчихсэн хоёр этгээдийг цээжин тус газар нь онилоод нэг
нэг удаа буудав. Хэрвээ тэрээр ийнхүү сэхээ авч амжаагүй, дахиад ганцхан л хором алдсан
бол ямар ч эргэлзээгүйгээр үхэх байсан биз. Тэд хоёулаа чихарсан бөглүү хоолойгоор гинших
мэт авиа гаргаад газарт унаснаа удалгүй буцаж өндийхөөр завдан хөдөлж эхэллээ. Харанхуйд
болж байгаа энэ бүхэн Баттөмөрт төдийлөн сайн харагдахгүй сүүтэгнэж байсан бөгөөд тэрээр
гагцхүү дуу чимээ, үнэрээр л бүхнийг мэдэрч байв. Тэрээр энэ балгасанд орж ирээд даруй
хагас цаг хэрээтэй болсон тул харанхуйд нүд нь дасаж хөдөлж байгаа дүрсийг харанхуйгаас
ялган харахтайгаа болжээ.
Баттөмөр буугаа баруун гартаа барьсан чигтээ яаран бослоо. Харин өөрт нь буудуулсан өнөөх
гурвын цээжиндээ сум зоолгосон хоёр үхээгүй нь нэгэнт тодорхой болж хоёр хөл дээрээ
алгуурхан өндийгөөд ирэв. Энэ үхдэл гэж нэрлэмээр этгээдүүд өөрт нь нэгэнт аюул занал
учруулж байгаа болохоор Баттөмөрт тэднийг зүйл дуусгахаас өөр сонголт үлдсэнгүй. Дахиад
буудах хэрэгтэй, гэхдээ зөвхөн толгойд нь. Ингээд Баттөмөр сүүтгэнэсэн хоёр дүрсийн толгойн
хэсэгт онилж байгаад нэг нэг удаа буудав.
Явдаг үхдэлүүдийн хэн нь ч сумнаас зайлах оролдлого хийсэнгүй. Зөвхөн Баттөмөрийг идэх
гэсэн мэт дайрч байгаад буудуулж үхсэн нь энэ байлаа. Баттөмөр хэсэг хугацаанд амсхийв.
Ямартай ч энэ явдаг үхдэлүүдийг өмнө нь ном зохиол дээрээс уншиж, зурагтаар үзэж байсантай
харьцуулахад хавьгүй хурдан шаламгай хөдөлгөөнтэй юм. Энэ зомби гэж нэрлэхэд тохиромжтой
этгээдүүд уг нь болхи удаан хөдөлгөөнтэй баймаар санагдавч үнэн хэрэгтээ тийм биш гэдгийг
Баттөмөр ойлголоо. Энэ чинь одоо юу вэ, яагаад над руу дайрав. Би хэнийг алчихав аа?
Баттөмөр өөрөө өөртөө ийн асуулт тавиад яаран сандран гар чийдэнгээ олж аваад тусгаж
үзлээ. Азаар гар чийдэнгийнх нь гэрэл асаж саяын буудсан цогцос руугаа тусган харав. Тэгээд
дараа нь Баттөмөр тэднийг амжиж буудсандаа баярлалаа. Нүүр лүү нь буудсан болохоор улаан
нэлий юм болж царай нь сайн ялгарахгүй байсан ч түүний нүдэнд үхдэлийн шүд нь өртжээ.
Шүд ч гэж дээ, соёонууд. Харанхуйн дундах сүүмгэр нарийн гэрэлд хурц ирлэсэн хадуурыг
санагдуулам тахир цагаан соёонууд цустай холилдон харагдаж байлаа. Өнөөх вампир буюу
цус сорогчид хоёр соёотой байдаг бол энэ үхдэлүүдийн үүдэн шүднүүд нь хүртэл соёо гээд
нэрлэхэд болмоор харагдаж байх нь тэр. Бүх шүднүүд нь яг ирлэсэн тонгорго гэлтэй. Үүнийг
харсан Баттөмөрт өнөөх хорин жилийн өмнөх номын мөрүүд дахин үзэгдэх шиг боллоо.
" Сэлмэн шүдэт хүн араатнууд муу ёрын чөтгөрийг шөнийн цагаар сахин хамгаалах болно.
Цусанд бялуурсан чөтгөр үүр цайхаас нааш хөдөлж үл чадна”. Тиймээ, яг ингэж бичсэн байсан. Өнөөдрийн энэ явдлыг зөгнөсөн байж. Новшийн алиалагчийг үүр цайхаас өмнө устгах хэрэгтэй.
Тэр өнөөдөр хангалттай цус уусан. Харин одоо бялуурчихаад хэвтэж байгаа байх нь ээ. Гэхдээ
чухам энэ том балгасны хаана нь нуугдаж байгаа бол? Ямартай ч яарах хэрэгтэй. Хэрвээ тэр
өнөө өглөөнийх шигээ хүч тэнхээтэй байвал түүнийг яагаад ч барахгүй. Ийнхүү Баттөмөр
яагаад энэ байшин руу зүтгээд байсныхаа уярыг ойлгох шиг болов. Үнэндээ зөгнөж мэддэг
гайхалтай авъяас нь алиалагчийг олоход өөрт нь урьдын адил сайн тус болж чадахгүй байсан
ч хорин жилийн өмнөх номын хуудсыг эргүүлсэн нь тохиолдлын хэрэг биш гэдгийг ойлгожээ.
Тэрээр номон дээр бичсэн байсан бас нэгэн утгат хэсгийг саналаа.
" Алиалагч хоёр сарын туршид сар болгон гурван хүүхдийн эд эрхтнүүдийг тонож нийтдээ
зургаан настай зургаан хүүгийн амиар муу ёрын сүнснээ тахил өргөж, амьгүй цогцсуудын эд
эрхтнүүдийг өөрийнхөө цусаар сэлбэн хольж өөрийнхөө хойч үр үндсийг амилуулах болно.
Эхний нэг сар үгүй хийсэн гурван хүүгийн эд эрхтнээр өөрийнхөө үр үндсийн дотоод эд эрхтэн,
яс болон харах нүд, сонсох чихийг нь хийх бөгөөд дараачийн сард цааш харуулах хүүгийн
арьсаар нь хчиж өөрийнхөө цусаар сэлбэн хүн төрхтэй ороолон бий болгох зорилготой” гэсэн
нэгэн утгат хэсэг байсан. Баттөмөр одоо бүхнийг алган дээрээ тавьсан мэт ил харж байлаа.
Алиалагч эхний гурван сард өөрийнхөө үүргийг амжилттай биелүүлж, зургаан настай гурван
хүүхдийг хөнөөж тэдний эд эрхтнээс хэрэгтэйгээ түүж авсан. Харин өнөөдөр хоёр дахь сар
нь эхэлж байна. Өөдгүй муу шулам өнөөдрийн дотор найдвартай гурван хүүг үгүй хийчихсэн
байж таарна. Түрүүний эх нялхсын эмнэлгийн жаахан хүү хамгийн сүүлчийн золиос буюу
зургаа дахь хүү байж таарах нь. Тийм болохоор одоо яарах хэрэгтэй. Түргэхэн шиг очиж
алиалагчийг хүүтэй нь хамт зүйл дуусгахгүй бол хүн төрөлхтөнд аюул нүүрлэх нь!!! Баттөмөр
ингэж бодоод өөрийгөө улам бүр зоригжууллаа. Тэрээр балгасны гүн рүү нэвтрэхээр өндийх
үедээ нэг зүйлийг мартсан юм шиг санагдаад болсонгүй. Чухам юу вэ гэдгээ санаж амжаагүй
байтал бүх зүйл тодорхой болов. Өнөөх өөрийгөө идэж байсан эмэгтэй. Яг л уур нь хүрсэн
муурын цээж нь хүржигнэн дуугарах шиг тийм чимээ сонсогдоход Баттөмөр гар чийдэнгээ
урагш нь тусган харлаа. Нэг гар нь тасраад уначих нь уу гэмээр цусандаа будагдан улаан нэлий
болж санжиганасан эмэгтэй хурц соёонуудаа ярзайлган түүн рүү дайран ирэх нь тэр. Баттөмөр
түүнийг буудаж амжсангүй. Буу, гар чийдэн хоёр нь түүний дөнгөж хажууханд унахад махчин
эмэгтэйн нүүрэнд гар чийдэнгийн гэрэл тусчээ. Эмэгтэй түүнийг дарж унагаад баруун гараараа
багалзуурыг нь шахаж битүү хурц соёо болсон өмхий амаа ангайлгахад Баттөмөр баруун гараа
зангидаж хамаг хүчээрээ эрүү рүү нь цохилоо. Урьд нь хэр баргийн булиа залуучуудыг нам
цохичихдог байсан бол энэ удаад өөрийнхөө дээр байгаа цус сорогчийг өөрөөсөө холдуулчихаж
ч чадаагүйдээ Баттөмөр хэсэгхэн хугацаанд гайхаад амжив. Өөрийнх нь цусыг сорохоор улайран
дайрч байгаа энэхүү амьд үхдэл болсон хүүхний хүзүүнд нь Баттөмөр зүүн гараараа туллаа.
Тэгтэл тун таагүй мэдрэмж мэдрэгдэх нь тэр. Өөрийнх нь гүрээний судсанд сэлмэн соёогоо
зоохоор улайран зүтгэх эмэгтэйн хүзүү мөс шиг хүйтэн байлаа. Баттөмөр өөртөө байгаа хамаг
л хүчээ шавхан амьд үхдэлийг хүчлэн түлхэж байсан ч түүний өмхий ханхлуулсан ам хүзүү рүү
нь улам бүр ойртсоор байв. Баттөмөр баруун гараараа дахин цохих гэснээ больж долоовор
дунд хуруунуудаа нийлүүлэн нүд рүү нь чичиж орхилоо. Түүний хоёр хуруу нь хүйтэн нялцгар
юм руу дүрээд гарах шиг болоход махчин хүүхэн үл ялиг гэдийж цус царцмаар чихарсан
хоолойгоор гинших нь тэр. Тэрээр Баттөмөрийн багалзуурыг шахаж байсан гараа сулрууллаа.
Баттөмөр энэ чөлөөг ашиглан хажуудаа байгаа гар буугаа аван эмэгтэйн толгойд нь бараг
тулгаж байгаад гохоо дарав. Махчин эмэгтэйн толгой зад үсрэх шиг болж нялцгар нойтон
зүйлс Баттөмөрийн нүүрэнд цацагдлаа. Дөнөж саяхан гүрээнийх нь судсыг хариугүй тас татаж,
хамаг цусыг нь ам руугаа юүлэх гэж байсан махчин хүүхэн арагшаа үхэдхийн унажээ. Баттөмөр
хоолойгоо барин байж хэдэнтээ амьсгаа авлаа. Тэрээр гар утсаа нээж төв рүү холбоо барьж
цагдаа, тусгайгийнхны нэмэлт хүч дуудах гэсэн боловч энэ харанхуй балгасан дотор утасных
нь сүлжээ уначихсан байх нь тэр.
Хэрвээ энэ эмэгтэй өөрийнхөө өрөөсөн гарыг идээгүй бол намайг амархан зүйл дуусгачих байжээ
гэсэн бодол Баттөмөрт энэхэн агшинд төрөхөд түүний ар нуруугаар хүйт оргих шиг боллоо.
Тэрээр хэвтэж байсан газраасаа өндийхөд балгасны цаад булангаас харанхуйд сүүтгэнэсэн
тав зургаан махчин үхдэлүүд өөр лүү нь довтлон ирж яваа харагдав. Баттөмөр яаран босч гар
чийдэнгээ тусгаад хамгийн эхэнд өр лүү нь довтолж буй соёогоо ярзайлгасан цагаан үстэй хижээлдүү эрийн цохонд нь чиглүүлээд буудахад тэрээр үхэдхийн уналаа. Үхдэлүүд ар араасаа
цувран Баттөмөр лүү гүйлдсээр.
Баттөмөр дараачийнхаа байнд гэрлээ тусган гохоо дартал сум нь дуусчихсан байв. Тэгмэгц нь
тэрээр хоосон буугаа шидэж орхиод эргэтэл гарах хаалганы зүгээс хоёр хар дүрс чихарсан дуу
гарган өөр лүү нь гүйж байх нь тэр. Ингээд өнгөрдөг байжээ гэсэн бодол Баттөмөрийн толгойд
зурсхийн орж ирсэн ч ийм амархан үхэлтэйгээ эвлэрэхийг хүссэнгүй, эцсээ хүртэл үзэлцэхээр
зориг шулуудлаа. Тэрээр гар чийдэнгийнхээ гэрлээр хавь орчноо тусгаад өөрөөс нь тав орчим
алхмын зайтай хурц үзүүртэй бүдүүн төмөр газар хэвтэж байхыг олж харав. Баттөмөр лоом
гээд нэрлэчихэд болмоор энэ үзүүртэй бүдүүн тахир төмрийг шүүрэн аваад гардан тулалдаанд
орохоор биеэ зэхлээ. Битүү хүржигнэсэн муухай дуугаар исгэрсээр өөрт нь тулж ирсэн хорьхон
хастай болов уу гэмээр жаахан охиныг Баттөмөр лоомныхоо үзүүрээр нүүр лүү нь нэвт зоож
орхилоо. Нарийхан жингэнэсэн дуугаар могой мэт исгэрсээр охин татваганан унахад Баттөмөр
лоомоо суга татан аваад араас нь тулж ирсэн эрэгтэйн толгой руу хамаг тэнхээгээрээ савж
орхив. Хүнд төмрөөр толгойдоо цохиулсан махчин эр хажуу тийш өнхрөн унахад дарачийнх нь
Баттөмөрийн яг өмнө тулаад иржээ. Нэгэнт тулаад ирсэн болохоор Баттөмөрт гартаа атгасан
зэвсгээ ашиглах боломж гараагүй учраас толгойгоороо нүүр лүү нь мөргөж, өөрөөсөө үл ялиг
холдуулаад баруун хөлөөрөө гэдэс рүү нь хар тэнхээгээрээ жийж унагав. Гэтэл мөрнөөс нь бас
нэгэн хүйтэн гар атган авахад Баттөмөр маш эргэж лоомоороо доороос нь эрүү рүү нь хүчтэй
зоож орхиход лоомны үзүүр нь махчин эрийн зулайг нэвт цоолон дээшээ гарах нь харанхуйд
там тум мэдрэгдэж чих дөжрүүлэм чарлаан үүслээ. Баттөмөр түүнээс лоомоо сугалан авах гэж
мунгинасаар байтал түүн дээр сэлмэн соёогоо ярзайлгасан тав зургаан махчин шаваад ирэв.
Баттөмөр нүцгэн гараараа нүүр лүү нь цохиж хамаг хүчээрээ тэмцэж байсан ч нэг мэдэхнээ
газар уначихжээ. Энэ удаад түүн дээр нэг гартай эмэгтэй биш бүр хоёр гартай эрэгтэй махчин
этгээд дарж хэвтээд хүзүүнд нь соёогоо шигтгэхээр улайран зүтгэж байлаа. Харин бусад нь
Баттөмөрийг зүйл дуусгахыг хүлээх мэт хүржигнэн тойрон хүрээлэв. Гар чийдэн нь хаана ч
унасан юм бүү мэд, унтарчихсан байх бөгөөд Баттөмөр энэхүү харанхуй орчинд сүүтгэнэсэн
хар дүрсүүдтэй хамаг хүчээрээ тэмцэж байлаа. Эдгээр махчин этгээдүүд харанхуйд яг л шар
шувуу шиг сайн хардаг бололтой. Баттөмөр хэдий хоёр гараараа махчин эрийн эрүүнд нь
тулсан хэдий ч аргагүй хүчин мөхөстөж өмхий ханхлуулсан муухай ам хүзүү рүү нь улам бүр
ойртсоор байв.



Сэтгэгдэлүүд: 2
2 | Wikinoy <<< бичсэн | 2010-02-20 | 3:37 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Jocker ch caak shuu biggrin biggrin
+ (0) -
Аватар байхгүй
1 | holboo <<< бичсэн | 2010-02-09 | 10:09 AM Сэтгэгдэлтэй хуудас |
oo tnx. 5 hesegiin hezee oruulah ve.
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !