 О.Дашбалбар - Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ Алив сайхнаа бусдаас битгий харамла Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул Хэн нэгийгээ харанхуй нүх рүү битгий түлх Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг Ачийг чинь тэд бас бүү мартагаа Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд Гарцаагүй тэрнийг нь олж хэл Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр Газар дээр нэг бус удаа тохиолдоноо Чамд дурласан сайхан хөвгүүнийг Чанга хатуу үгээр битгий номдоо бүсгүй минь Чамайг хайрласаных нь хариуд хайрла Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ Бидний амьдрал ав адилхан Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөж аргад Өнөөдөр чи инээж нөгөөдөх нь уйлдаг ч Өөр нэг өдөр чи үхэж цаадах чинь дуулах болно Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор Өөр юу ч хэрэггүй бие биенээ л хайрла Өргөн хорвоод хүн гэж хайраар дутаж болохгүй Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор Алтан нар гэрлээн бидэнд ав адилхан хайрладаг болохоор Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ Алив сайхнаа бусдаас битгий харамла |