Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Б.Явуухуланы намтар ба Тэхийн зогсоол сонсохоор Бэгзийн Явуухулан - Видео бичлэг - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 8
Зочид 8
Хэрэглэгчид 0
Б.Явуухуланы намтар ба Тэхийн зогсоол сонсохоор Бэгзийн Явуухулан
poster


Намтар

Тэрээр Завхан аймгийн Жавхлант суманд 1929 онд төрсөн. 1949 онд санхүүгийн техникум, 1959 онд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль тєгсчээ. "Би хаана төрөө вэ?", "Мөнгөн хазаарын чимээ", "Тэхийн зогсоол", "Хар-Ус нуурын шагшуурга", "Хээр хоносон сар" зэрэг бүтээл туурвижээ. 1964 онд Монгол Улсын төрийн шагнал, 1979 онд соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртжээ
Би хаана тєрєє вэ, Мєнгєн хазаарын чимээ, Тэхийн зогсоол, Хар-Yс нуурын шагшуурга, Хээр хоносон сар, Зөвхөн Монголдоо,Алаг дэлхийд төрсөн минь учиртай Үлэмжийн сайхан хорвоод , Шүлэг минь -хүлэг минь, Вансэмбэрүү
          Би хаана төрөө вэ?

    Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
    Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
    Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
    Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
    Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би...

1929 онд Завхан аймгийн Алдархаан суманд гуравдугаар сарын 15 тєрсєн.
1949 онд (20 нас) санхvvгийн техникум

1955 онд (26 нас) Би чамд хайртай шүлгээ
1957 онд (28 нас) Туулын урсгал шөндөө сайхансан
1959 онд (30 нас) Алаг дэлхийд төрсөн минь учиртай, Мөнгөн хазаарын чимээ, Хар-Ус нуурын шагшуурга шүлгээ
1959 онд (30 нас) Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль тєгсчээ.
1961 онд (32 нас) Мөнгөн хазаарын чимээ номоо
1964 онд (35 нас) Монгол Улсын тєрийн шагнал
1970 онд (41 нас) Тэхийн зогсоол
1972 онд (43 нас) Вансэмбэрүү
1973 онд (44 нас) Зөвхөн Монголдоо шүлгээ
1977 онд (48 нас) Үлэмжийн сайхан хорвоод, Шүлэг минь -хүлэг минь шүлгээ
1978 онд (49 нас) Улаанбаатар шүлэг
1979 онд (50 нас) соёлын гавъяат зvтгэлтэн цол хvртжээ.
1960 оны үед Үнэн сонинд Цагаачийг цагаа хатгаж, цагаан морийг ногоо хатгана гэж Б.Ринченг гутаан доромжилж бичсэнийг өмгөөлөн Дорнийн билигт яруу найрагч Б.Явуухулан, Б.Ринченд зориулж 4 мөртөө 1956 онд бичжээ.


Зөвөөс болж зовсон амьдралийн чинь зам дуусч
Зөрж, хараалгасаар л яваад баатар чи орчлонг ОРХИНО.
Харин тэгэхэд хаврын дэлхий амилан сэргэх мэт
Хатан дэлхийд алдар чинь Амьдралаа эхэлнэ.

Үлэмжийн сайхан хорвоод
Үлэмжийн сайхан хорвоод тээж төрүүлсэн эжийгээ
Үсэн буурал болох бүр үе үе л санах юм.
Үүрийн цагаан гэгээтэй урьтан золгох энгэрт
Үүрд нойрссон шарилыг нь байн байн эргэх юм.

Ингэн хавтгайн сүүгээр цай сүлж уулгасан биш
Ээжийнхээ ачийг би юугаар хариулсан гэх вэ дээ
Эмийн цэцэгсийн шүүдрээр дарс нэрж дайлсан биш
Эх үрсийн өрийг би юугаар төлсөн гэх юэ дээ

1977 он.

Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Алтан дэлхийд төрсөн минь учиртай
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би
Ачит эхээ арван сар зовоосны эцэст
Алаг үр нь болж баярлуулах гэсэн юм би
Алтан дэлхийд төрсөн минь учиртай

Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Гэмгүй шувуудын үүрийг эвдэж өндгий нь няцлаад
Хэрсүү сууж ухаан орсныхоо эцэст
Гэнэн насаа өрөвдөж зовж явах гэсэн юм би
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай

Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Адуу манаж дассан атархан тал нутагтаа
Анхны дурлалтай учирч эмнэг сэтгэлээ уяраагаад
Аз дутаж амьдралын турш мөрөөдөх гэсэн юм би
Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Тоост хорвоод төрсөн минь учиртай
Тохойн чинээхэн үрийнхээ шөнийн уйлахыг сонсож
Төрсөн эцгийндээ авчирсан зовлон баяр хоёрыг
Тоо ёсоор нь өөрөө амсаж мэдэх гэсэн юм би
Тоост хорвоод төрсөн минь учиртай

Дуулим хорвоод төрсөн минь учиртай
Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь үзэх гэж
Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдээд
Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би
Дуулим хорвоод төрсөн минь учиртай

Хөрст дэлхийд төрсөн минь учиртай
Хүлгийн зоо болсон төрсөн нутагтаа амьдрах гэж
Хүүгийн сэтгэлээр эх орондоо хайртай байсан юм гэж
Хойч үеэрээ ам бардам хэлүүлэх гэсэн юм би
Хөрст дэлхийд төрсөн минь учиртай
1959 он.
Би хаана төрөө вэ?

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хvvрэг савсаж vvлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хvйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сvvмэлзэх хөндийд
Орсон буурийн шvд өвөл хангинах хоолойд
Yлэг гvрвэлийн мөрийг өдий хvртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би

Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Мөнгөн сарны сvvдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
Хvний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би

Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Yvр шөнийн завсар шvvдэр буух навчинд
Yрэл усан шvvдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгvй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би

Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зvйдэлгvй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
Зvрхэн улаан галтай ган тулгын тотгонд
Зуун тvмэн vед монгол хvний идээшсэн
Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нvдний мэлмэрээнд
Саалийн vнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би

Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны vзvvрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж vзээгvй
Тэнэгэр говийн сvрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шvхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би

Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хvний хувь заяанд
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх Монгол алдаршсаны vе дамжсан домогт
Хvчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд
Хөрст алтан дэлхийн vрчлээт магнай болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би


 Хар-Ус нуурын шагшуурга

Хар-Ус нуурын шагшуурга
Намрын салхинд исгэрнэ
Харахад нэг л уйтгартай
Намс намс бөхөлзөнө

Нүдэнд торох бараагүй
Нуурын ус цэнхэртэнэ
Нүцгэн уулс чимээгүй
Өнгөн дээр нь сүүдэртэнэ

Хээлэн үлээх салхи
Нимгэн мандлыг нь бидэрлэнэ
Зөөлөн исгэрэх шагшуурга
Хөнгөн уйтгар төрүүлнэ

Хар-Ус нуурын шагшуурга
Намрын салхинд исгэрнэ
Харахад нэг л уйтгартай
Намс намс бөхөлзөнө
1959 он

Тэхийн зогсоол
(Миний хайрт эцэг, нэрт анчин агсан Бэгз таны гэгээн дурсгалд зориулав.)

Тээр жилийн тэр нэгэн өвлийн
Өнтэйг яана!
”Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилын
Өндрийг яана!
Хүрэн уулсын буйд мухар
”Хүүш” нэртэй
Хүрэхэд хол ч өвөлжихөд нөмөр
Хөх бууцтай.
Хүрэн уулсыг халуун намраар
Аав минь зорив
”Хүүшийн” өвөлжөөнд гурван гэрээр
Айл өвөлжив.

Өвөлжөөг хүрээлсэн уулсын оргил
Бүгд өндөр
Өндрийн дундаас
”Тэхийн зогсоол”
Бүүр ч өндөр!
Өвөлжөөнд буугаад аав, хэсэг зуур
Ан хийв
Өвөлд бэлдээд айлууд, хэсэг зуур
Ажил хийв.
Өнтэй жилийн тэр нэгэн өвлийн
Дулаахныг хэлэх үү
Өвс цас тэгшхэн ууланд өвөлжихийн
Тухтайг хэлэх үү
Говийн ууланд жам ёсоороо
Хавар ирэв
Гол бараадаж гурван гэрээрээ
Нүүх болов.
Нэгэн өглөө аав минь намайгаа
Гаднаас дуудав
Нэг нүдний сунадаг дурангаа
Гарт бариулав.
-”Тэхийн зогсоол” дээр юу байна вэ?
-Сайн хар! гэв
Тэгж хэлснийхээ жаахан хойно
Санаа алдав.
”Yзүүр нь гурвалжин, үүлэнд шүргэх
Оргил харагдав
Yүрээ манан өндөрт эргэх
Бүргэд харагдав.
Дэргэдэх оргил нь илээд авахаар
Ойрхон байв
Дээрх тэнгэр нь нүдэнд торохоор
Yүлгүй байв”
-”Тэхийн зогсоол”  дээр хараагаа тогтоо! гэж
Аав минь хэлэв
Тэрүүн дээр нэг амьтан бий, ол доо гэж
Ахин хэлэв.
Өвөлжин харагдаж нүдэнд дассан
Оргил үзэгдэв
Орой дээр нь эвэр нь сэрийсэн
Янгир харагдав.
Хангайн сайхан амьтныг үзээд
Би баясав
-Харлаг тэх зогсож байна! гээд
Бараг хашгирав.
Аав минь дуугүй, тамхиа сорсоор
Гэртээ оров
Айлын хүмүүс янгирын сургаар
Манайд цуглав.
Цайгаа ч уухгүй аав минь тэгээд
Хэсэг суув
Цаанаа л гунигтай хоолой засаад
Ингэж ярив:
-Мөнгөн оройт уулсын хишгийг
Их хүртлээ
Мөнхийн зогсоолдоо зогссон янгирыг
Анх үзлээ.
”Ямаан усанд” ноднин байсан
Тэх мөн байна
Яах аргагүй зогсоолдоо зогссон
Тэх мөн байна.
Төрсний эцэст үхнээ гэдэг
Амьтны ёс оо!
Төрсөн нутгаа орхиноо гэдэг
Амаргүй даваа!
Янгир өтлөхөөрөө эврээ даахаа
Больдог юм гэнэлээ
Янгирын сүргээ гүйцэж чадахаа
Байдаг юм гэнэлээ.
Эхээс төрсөн ууландаа эргэж
Ирдэг юм гэнэлээ
Эхээс унасан газраа олж
Хэвтдэг юм гэнэлээ.
Насныхаа эцэст оргил өөд мацаж
Гардаг юм гэнэлээ
Нартад түүнийг нь
”Тэхийн зогсоол” гэж
Нэрлэдэг юм гэнэлээ.
Өндөр оргил дээр олон хоног
Зогсдог юм гэнэлээ
Өнгөрүүлсэн амьдралаа эргэж нэг
Хардаг юм гэнэлээ.
Умдалдаг ариухан усаа үзэж нэг
Баярладаг юм гэнэлээ
Идээлдэг сайхан бэлчээрээ харж нэг
Баясдаг юм гэнэлээ.
Ижил олон сүргээ эцсийн удаа
Yздэг юм гэнэлээ
Эх болсон нутгаа сүүлчийн удаа
Хардаг юм гэнэлээ.
Өндөр оргилоос эвэр нь дийлээд
Хальдаг юм гэнэлээ
Өнгөт орчлонгоос нэг нь тэгээд
Дутдаг юм гэнэлээ.
Аавын яриаг хүн бүхэн
Дуугүй чагнав
Айлын эмээ янгирыг өрөвдөн
Нулимс унагав.
Тэрнээс хойш аав минь нэг л
Зовиуртай болов
Тэр өвөлжөөнөөс хэсэгтээ нэг л
Нүүхээ байв.
Гурван гэрийн хонины ээлж
Дороо эргэнэ
Гуравхан хоногт манай ээлж
Эргээд ирнэ.
-Өндөр өөд хонио бүү билчээ! гэж
Аав минь захина
Өглөө болгон л гаднаа сууж
Оргил дурандана.
”Хүүшийн” өвөлжөөнд чандмалж буусан
Гурван айл!
Хүмүүсийн харааг өөртөө татсан
Гурвалжин оргил!
Цэнхэр тэнгэрт эвэр нь сэрийсэн
Харлаг тэх!
Чанх дээр нь өдөржин эргэсэн
Хүрэн бүргэд!
Ийм л зураг олон хоногоор
Аавд минь харагдав
Энэ л зураг олон хоногоор
Өвөлжөөнд суулгав.
Нэгэн өглөө оргилыг дурандаад
Аав орж ирэв
Нэг харахнаа баяртай мишээгээд
Цайгаа ууж суув.
-Яг л ёсоороо хальж дээ хөөрхий! гэж
Аав минь ярив
-Яамай даа яамай, хөөрхий минь! гэж
Ижий өрөвдөв.
Маргааш өглөө нь гурван гэр маань
Эрт ачаалав
Манарсан бууцнаас хүн, мал маань
Зэрэг хөдлөв.
”Тэхийн зогсоол” оргилыг аав минь нэг
Эргэж харав
-Төрсөн нутаг минь! гэж эцэг минь нэг
Өөртөө хэлэв.
Тээр жилийн тэр нэгэн өвлийн
Уртыг яана!
”Тэхийн зогсоол”  гэдэг тэр оргилын
Өндрийг яана!

Б.Явуухулан  1969 он

Туулын урсгал шөнөдөө сайхан

Туулын урсгал шөнөдөө сайхан сан
Торгон долгио хаялан мяралздаг сан,
Хоёр ангир дандаа л хөвдөг сөн
Холын анир авангаа л дуугардаг сан.
Урсгалд нь умбагч сарыг ажин
Усанд нь хөвөгч оддыг тоолон,
Бүүр түүрхэн тохиолдлоо дурсан
Үүр цайлгах би дуртай сан.
Шивнэн шивнэх залуу навчис
Шөнийн дуу над аялдаг сан,
Сөөг моддын нь нэгийг түшин
Шөнөжин сууж би сонсдог сон.
1957

 

Вансэмбэрүү
Аглагхан ойн зах сийрээд
Орой нь халзрах уулын тагт
Ариухан горхины эх шургаад
Авиа нь тасрах асганы шилд
Төөлөөд үзвэл бие чацуу
Тоолоод үзвэс нас чацуу
Үзэсгэлэнт хоёр вансэмбэрүү
Үүд хоймрын зайтай ургажээ
Үр тоосоо хүртдэг хэрнээ
Үдшийн бүрийгээр бараагаа алдаж
Үүд хойморын зайтай хэрнээ
Үүрийн туяанаар биесээ үзэж
Илбийн юм шиг хосгүй сонин
Ихэр ботго шиг хорвоод ховор
Сэрүүн хангайн хоёр цэцэг
Сэтгэл бахдам гоёмсог ургажээ
Торомгор хөөрхөн хоёр ботго
Тоглож нэгийгээ хөөж явах шиг
Тоорцог өмссөн хоёр хүүхэд
Тойрон бүжиг хийж байх шиг
Үзэх бүрий өөр үзэгдэж
Үүлгүй тэнгэр дээр нь цэлийх юм
Харах бүрий сонин харагдаж
Хавь орчим нь нам гүм байх юм
Дэгдэж ирсэн хээрийн салхи ч
Дэргэд нь ирээд намддаг болов уу
Хангайн дэгжин буга согоо ч
Хажууд нь гайхан зогсдог болов уу?
Уранхан цоморлигийг нь илээд үзвэл
Унаганы уруул шиг зөөлхөн байлаа
Хүрэнхэн тэргүүнд нь хүрээд үзвэл
Хүүгийн минь зулай шиг бүлээхэн байлаа
Өвөг дээдэс минь энэ цэцгийг
Өнө эртэд олсон гэнэм
Алжаасан бие эдгээдэг чадлыг нь
Аль хэзээнээс мэдсэн гэнэм
Тэгээд энэ вансэмбэрүүг
Тэнгэрийн цэцэг гэж нэрлэсэн гэнэм
Ахар бодолтон сүйтгэчих вий гэж
Айлгах домог зохиосон гэнэм
Үүлэн нүүдэл өехийгөө зүсдэг
Үзүүрт модон ургаагүй хярд
Зуны бороо мөндрөөрөө унадаг
Зуурам хөлдүү хангайн царманд
Хосоор ургадаг вансэмбэрүү
Хорвоогийн нэгэн гайхамшиг байна
Хорвоогийн амьдрал хөлдүү царманд
Хосын хүчинд амилдаг байна!
1972 он

Шүлэг минь-хүлэг минь...
Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр
Шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой!
Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр
Сар мэлмэрэн хээр хонотол дуулах ёстой!
Алтан нар алган дээрээсээ мандтал дуулахад
Шүлэгч надад тэнгэрлэг нэгэн хоолой хэрэгтэй
Аялсан дуугаа алаг дэлхийд түгтэл давхихад
Хүлэг чамд тэнхээлэг нэгэн шандас хэрэгтэй
Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёрт
Хүн ард минь захисан үггүй нэгэн захиас бий!
Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёрт
Хүрэн зүрхэнд нууцалсан холын нэгэн бодол бий!
Унтаагүй нойр, уйдаагүй алжаал шүлэг минь,
Ухаан бодлоос босоогоороо төрсөн гуурст хүлэг минь
Молор эрдэнийн гуурсаа чи бид хоёрт харамлаагүй
Монгол түмнийхээ гавьяаг хэзээ ч мартах ёсгүй!
Шүлэг минь-хүлэг минь хурдлан давхи!
Хүлгийн шандас харуулахад холын зай хэрэгтэй
Хүн ардынхаа захиасыг санан санан давхи,
Хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй!
Зуун хүлгийн түрүүчтэй дэлхийн найргийн дэвжээнд
Зуузай холбож гэмээ нь ард түмэн минь гомдохгүй
Зуур замын уртад ухаан, шандас сульдаад
Зулайдаа тоос хүргүүлэхийг бид хоёрт зөвшөөрөхгүй!
Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр
Шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой!
Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр
Сар мэлмэрэн хээр хонотол дуулах ёстой!
1977 он
 

Дуулж чаддагтаа би дуулдаг юм бишээ

Хоолой сайтайдаа би
Дуулдаг юм бишээ
Хонгор жороо морины
Сүүл салхилан тэшүүлэгч
Хонгор залуу эрийн
Цээлхэн дуунд уярдаг юм
Хоолой сайтайдаа би
Дуулдаг юм бишээ

Дуулж чаддагтаа би
Дуулдаг юм бишээ
Дун цэнхэр тэнгэрийн минь
Үүлэн хээ алагласан
Дуунд гардаг голуудынхаа
Шуугихыг сонсоод уярдаг юм
Дуулж чаддагтаа би
Дуулдаг юм бишээ.

Би чамд хайртай

Холоос гүйдэлтэй борлог минь
Сулдаа ганхам жороо доо,
Голоос хайртай амраг минь
Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа.

Сэрүүн булгийн усанд
Цэлмэг тэнгэр гэрэлтэх шиг
Ариун зүрхний гүнд
Цэвэрхэн дүр чинь тодорно.

Атар хээрийг чимэглэсэн
Алаг цэцгэнд би дуртай
Ариун хайрыг минь булаасан
Амраг чамдаа би хайртай.

Жороо борлогоо тэшүүлсээр
Жороо тавьсгээд очно доо,
Жаалхан чи минь инээсээр
Баахан гэрэвшисгээд золгоно доо

Эх орондоо

Алтан дэлхийд анх ирээд
Алгын чинээ өлгийд багтаад
Аав нэрийг минь өгөөгүй байхад
Айлдаа дуу минь хүрээгүй байхад
Сэвлэг хархан шингэн даахийг минь
Сэвэлзэх салхиараа хатааж өгсөн
Өлгий нутаг - эх орон чамдаа
Өр зүрх, үнэн голоосоо би хайртай.

Өсөх бие эрийн цээнд хүрээд
Өрх гэрийн амьдрал толгойлоод
Үрээ өсгөх гэж мэрийж байхад
Үйлсээ дэвжээх гэж чармайж явахад
Магнай хагартлаа дандаа баярлуулж
Тагнай өөхөлтөл жаргал эдлүүлсэн
Өлгий нутаг - эх орон чамдаа
Өр зүрх, үнэн голоосоо би хайртай.

Цаст уул шиг тэргүүн минь цайгаад
Цагийн эргэлтэнд тэнхэл минь сульдаад
Ээлжит хорвоогийн жам ирэхэд
Эхэлсэн дуугаа дуусгалгүй орхиход
Алд биеийг минь хөрсөн гэлгүй
Алтан хэвлийдээ шингээн авах
Өлгий нутаг - эх орон чамдаа
Өр зүрх, үнэн голоосоо би хайртай.
Бүх ардын наадам

Эх орныхоо түүхт ойг улс даяар тэмдэглэх гэж
Эмээлт мориныхоо хурд чадлыг хотол даяар шалгах гэж
Өвч Монгол улсын " Эрийн гурван " наадам эхэллээ.
Үзэмжит хувцсаа өмсөөд хүмүүс наадамдаа ирцгээлээ.
Сайн малчны тэмдэгтэй буурал өвгөн харагдлаа.
Сангийн аж ахуйн тракторч залуу бүсгүй үзэгдлээ
Бүрэнцогтын уурхайчин хүдэр эр сууж байлаа.
Бүтэн бум явчихсан залуухан жолооч ирсэн байлаа.
Тэсийн голын унага асрын үүдэнд хазаар дарж
Тэрхийн голын хүүхэн түүнийг ажиж суулаа.
Дархан аваргуудын цолыг засуулууд нь дуудаж
Түрүүлж хэн нь шалгарахыг наадамчид таалцаж байлаа.
Эрхийдээ ончтон энд нум сумаа агсаж
Эр биедээ бяртан тэнд зодог шуудгаа өмсөж
Дуу хуурын эхэнд залуучууд бүжиглэж байлаа.
Дугараа түрлэгийн эхэнд настнууд хүндлэгдэж байлаа.
Арвайхээрээс пионер хүү морь уралдахаар ирсэн байлаа.
Алтай нутгаас эмгэн малчин уригдаж ирсэн байлаа.
Зочидын байранд олон хүн ирсэн харагдлаа
Зөвлөлтийн төлөөлөгчид хамгийн түрүүнд нүдэнд туслаа
Ардчилсан орны төлөөлөгчид дэргэд нь сууж байлаа
Ардын наадамд баясан инээж суугаа үзэгдлээ
Нарийн торгон зодог шуудагтай хоёр бөх
Наадамчдын өмнүүр дэвэн дэвсээр гарлаа
Начин шонхор зоригтны тулахыг үзэх гэж
Нам чимээгүй болоод хүмүүс ширтэж эхэллээ
Эхлээд хоёулаа бие биесээ хэрж баахан зогслоо
Энд тэндээсээ чангаалцаж жаахан өвдөлцлөө
Гэтэл нэг нь ухасхийн дайраад орлоо
Гэнэдүүлж байгаад өвдөг дороо хийж амжлаа
Хоромхон зуур алга ташилт ч нижигнэж эхэллээ
/Хурдан морь/ирлээ гэж зар ч тараад ирлээ
Хурц туурайтай хүлэг морьд ана мана айсуй явлаа
Хамгийн түрүүнд хээр морь их наадамд цулбуур хаялаа
Урсах усны долгио шиг туг далбаагаа намируулсаар
Улсын аварга тамирчид жагсаалаараа орж ирлээ
Наадмын талбарт ЭНХ ТАЙВАН/гэдэг үсэг боллоо
Наргиан болж,олон үзэгчид алга ташлаа
Долоон сарын тэнгэрт туг далбаа намилзаж харагдлаа
Дөлгөөн сайхан агаарт энхийн тагтаа нисэж үзэгдлээ
Эссэн айргаа хүндэт зочдодоо дахин сөгнөлөө
Эрийн гурван наадам ид дундаа үргэлжилж байлаа.
1953 он.

Тэхийн Зогсоол

Сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !