Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Хүүхэлдэй эргэн ирсэн нь-2 - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 4
Зочид 4
Хэрэглэгчид 0
Хүүхэлдэй эргэн ирсэн нь-2
poster
Шинэвтэр 9 давхар байрны урд талбай дах хүүхдийн тоглоомын бяцхан талбайн дундах өнгө эрээлжлэн будсан төмөр гулгуурын дэргэд үсээ ардаа сүлжсэн дөрөв орчим насны бяцхан охин нэг авирч, нэг гулган өөрийгөө аргацаан тоглох бөгөөд үсээ самналгүй хэд хоносон бололтой харагдана. Талбайн баруун талд суурилуулсан уртавтар сандал дээр дунд эргэм насны нэгэн эмэгтэй суух бөгөөд хэдийгээр тоглож буй охиныг харан суугаа мэт харагдах боловч ойроос харах юм бол харц булингартан бүүдийж харсан чигтээ гөлрөн суусныг төвөггүй харж болох ажээ. Нэгэн цагт туйлын аятайхан бүсгүй байсан шинжтэй тэрхүү бүсгүйн 2 нүдний доогуур гүн хөх туяа татаж, нүүр нь эрүүл бусаар зэвхийрэн цайсан төдийгүй хайхрамжгүй хувцасласан нь илхэн. Тэрээр өвөр дээрээ долоо орчим насны охиноо тэвэрсэн байх ба тэрхүү охины өмссөн хувцас нь өлөн хир нилээд суусан байх нь хажуугаар өнгөрөх хэнд ч тод харагдаж байлаа. Охин нь туйлын ядрангуй шаравтар царайтай байх ба ямар ч дуу үл гарган эхийнхээ өврийг налан тамирдангуй сууна. Үүнийг харсан хэн ч болов нэгэн хөөрхий ядарсан эх үрс байна хэмээн төвөггүй таамаглаж болох ажээ. Өнөөдөр нөхрийнх нь гэрээсээ явсан 9 дэх хоног гэдгийг л Индмаа сайтар ухаарч байлаа. Бусад амьдрал ахуйн зүйлс түүний мэдлээс нэгэнт гарсан бололтой. Нэг охин нь гадаа гарна хэмээн гэрт чангаар уйлж, нөгөө охин нь даарч байна гарахгүй хэмээн уйлагнаж түүний ядарсан тархийг улам зүдрээнэ. Тэрээр аргагүйн эрхэнд саяхан эмнэлгээс гарсан ч бүрэн сэхэл авахгүй байгаа том охиноо өвөр дээрээ суулгаад, багыгаа тоглуулж буй нь ажээ. Түүний тархи нь яагаад ч юм өөрт нь захирагдахгүй байгаа мэт санагдаж нөхрийнх нь гэрээсээ явсан 9 дэх өдөр шүү гэсэн бодол салахгүй эргэлдэхээс өөр юу ч хүчлэн бодож чадахаа өнгөрсөн байлаа. Эргэн тойрон сэрүү нөмрөн ирсэн хэдий ч, нар шингэх арай л болоогүй байв. Байрны булангаас өндөр өсгийн товших чимээ гарсаар тоглоомын талбайн дэргэдэх цардмал замаар нэгэн бүсгүй тор дүүрэн хүнсний зүйл барьсаар мишээсээр алхан ирж, эргэн тойрноо үл хайхран таг гөлийн суусан Индмааг гайхан харсанаа мөрөө үл мэдэг хавчаад цааш алхан одсон боловч хэдхэн алхаад чангаар дуу алдан бараг сөхрөн суух шахлаа. Хүн харахад бүдрэх унах шахсан мэт харагдах хэдий ч үнэндээ тэр бүсгүй тоглож буй жаал охины гартаа барьсан цэнхэр нүдэт хүүхэлдэйг санамсаргүй олж хараад өөрийн эрхгүй хөл нь нугарсан нь тэр ажээ. Хүүхэлдэй Гандирт дахин айдас төрүүлж эхэллээ. Гандир барьж явсан тороо алгуур газар тавиад охины зүг аажмаар дөхөн очив. Эхлээд хүүхэлдэйг, дараа нь охиныг сайтар шинжин харлаа. Андуурах зүйл байсангүй тэр ХҮҮХЭЛДЭЙ мөн байлаа, хүүхэлдэй Гандирыг ч бас таньж байгааг тэрээр зөнгөөрөө мэдэрч байв. Яг л хуучнаараа түүний дотор хүйт оргин түгшиж эхлэх нь тэр… Гэсэн ч Гандир гаднаа айж байгаа дүр огтхон ч үзүүлэлгүй бяцхан охинд дөхөн очоод ээж аав нь хаана байгааг зөөлөн асуулаа. Тэрээр хүүхэлдэйний талаарх бүх үнэнг нуулгүй ярьж, хүүхэлдэйг гэрээсээ гарган хая хэмээн ятгахаар шийдсэн байв. Аав уурлаад явчихсан гэртээ ирэхгүй байгаа, ээж аниа хоёр тэр сууж байна хэмээн бяцхан охин хүүхдийн томоогүй зангаар нуулгүй өгүүлээд дахин гулгуур тийш авирч эхэллээ. Гандир заасан тийш нь эргэн хараад өөрийн эрхгүй давхийн цочиж, арга барагдан элс асгасан хашлага сандайлан яах учраа ололгүй сууж орхив. Хэдхэн хоногийн өмнө энэ гэр бүл элэг бүтэн, аз жаргал дүүрэн гэр бүл байсан гэхэд Гандир огт эргэлзэхгүй байлаа.. Тэвэрч суугаа охин нь бас харваас хүндхэн өвдөөд тэнхэрч амжаагүй байгааг нь Гандир нэг хараад л мэдэв. Энэ бүсгүй ч бас сайхан бүсгүй байсан байхдаа, бүр нөхөр нь гэрээс нь явчихжээ хэмээн бодоод өөдгүй хүүхэлдэйг Гандир улам ихээр үзэн ядлаа Би л энийг эхлүүлж энэ гэр бүлийг зовлонд унагасан байна, би өөрөө юу ч болсон хамаагүй дуусгавар болгох хэрэгтэй хэмээн Гандир дотроо хатуу шийдээд яахаа эргэцүүлэн бодож, одоог хүртэл юуг ч үл хайхран суугаа эмэгтэй тийш харав. Хөөрхий дөө одоо энэ эмэгтэйд юу ч гэж хэлээд миний үгийг анхааран сонсохгүй биздээ, гэхдээ ямар ч байсан түүнээс хүүхэлдэйг салгаж авах хэрэгтэй гэж шийдээд Гандир боссон даруйдаа зогтусав. Хүүхэлдэйтэй нилээдгүй тэмцсэн Гандир бас ч түүний араншинг гадарлахтайгаа болсон мэт түүнд санагдав. Хэрвээ би хүүхэлдэйг авъя гэж хэлбэл энэ хүүхэн гэнэт хашгиран дайрч хүүхдийнхээ тоглоомыг өгөхгүй хэмээвэл дахин хүүхэлдэйг олж харж чадахгүй, энэ хүүхэлдэй тэгж чадах л амьтан шүү гэж бодсон Гандирын зөв байлаа. Тэрээр эхийнх нь анхаарлыг татахгүйг хичээн буцаад охины дэргэд очин гар цүнхээ онгойлгов. - Чи ямар хөөрхөн охин бэ, хэдэн настай юм бэ? - Би дөрвөн настай - Цэцэрлэгт явдаг биздээ - Явдаг, манай цэцэрлэг дуу заадаг, би бас баавгайтай сандал дээр суудаг гээд ойрд ээжтэйгээ ярилцаагүй бяцхан охин Гандирт бүүр дөхөн ирлээ. Гандир аргагүйн эрхэнд айдас төрүүлсэн яриандаа орохоос өөр аргагүй болсон мэт санагдав, цаг бага байна хэмээн дотроос нь хэн нэгэн шивнэх мэт санагдав. Чи яасан хөөрхөн хүүхэлдэйтэй юм бэ, эгчдээ зарах уу эгч нь ийм гоё ягаан том мөнгөөр худалдаж авъя хэмээн түрийвчээ уудлан 5000 гаргавал үгүй зарахгүй хэмээн бяцхан охин аяархан хэдий ч хахирган өнгөөр хариулах нь тэр... Гандир дотор нь зарсхийн эвгүйцсэн ч бууж өгсөнгүй ээ. Тэрээр худлаа худлаа эгч нь тоглосон юм хэмээн муухан инээмсэглэн хэлээд мөнгөө далд хийсэн ч түрийвчээ ил барьсаар байлаа. Гандир жаахан холдоод хөөх энэ гоё элсэнд хөлөө булахаар гоё тэгшхэн хөлтэй болдог юм, миний дүү хөөрхөн хүүхэлдэйнийхээ хөлийг элсээр булчихвал ёстой гоё тэгшхэн урт хөлтэй хүүхэлдэйтэй болно доо хэмээгээд зальжин инээмсэглэлээ. Охин тэр даруй хүүхэлдэйгээ суулган хөлийг нь элсэнд булж орхиод хажууд нь сууж хоёр булцгар гараараа элс самардан хөлөн дээрээ асгаж эхлэв. Элс мэдээллийг дамжуулдаггүй өөртөө хадгалдаг гэлцдэг үзье л дээ гэж Гандир дотроо бодоод ойрхон харагдах түц-рүү зааж эгч нь орос маружинд их дуртай хэмээн өгүүллээ. Яагаад ч юм ойрд огт маружин идээгүй болохоо бяцхан охин гэнэт саналаа. Найрсаг ааштай сайхан эгч цэнхэр өнгөтэй мөнгөн дэвсгэрт түүнээ өөдөөс сарвайж байх нь тэр. Хоёулаа маружин авч идэхүү, миний дүү тэр түц ороод аваад ирж чаддаг том охин тиймээ хэмээн Гандир аргадангуй дуугарлаа. Охинд тэр түцнээс нилээд зүйл эвч байсан туршлага байгаа, охин гадаа тоглож байхдаа олон удаа тийшээ дэгдэн очиж худалдаа хийдэг бөгөөд ээж аав хоёр нь араас нь өхөөрдөн харж зогсдог юм санж. Охин элс асгахаа болиод гараа сунган мөнгийг аваад түц чиглэн дэгдэн гүйлээ, цэнхэр өнгөтэй мөнгөнд түүний дуртай том шоколадтай маружин 2 ирдэгийг тэр андахгүй сайн мэдэх ажээ. Бараг хоёр минут ч хүрэхгүй хугацаанд охин хөгжилтэй инээсээр 2 гартаа нэг нэг ууттай зайрмаг барьчихсан ирээд зог тусан эхэр татан чангаар цурхиран уйлж эхэллээ...
Инээд алдсан сайхан зантай эгч нь түүний хайртай хүүхэлдэйг аваад газрын гаваар орсон мэт бараа туруугүй алга болжээ. Сайхан зант эгч нь ихэд яарсан бололтой цардмал зам дээр тавьсан тортой зүйлээ тэр чигээр нь орхиод ор мөргүй алга болжээ. Бага охиноо цурхиран уйлах чимээнээр Индмаа дүйнгэ гөлрөө байдлаасаа салж, эргэн тойрондоо юу болж байгааг анзаарахтайгаа боллоо. Тэрээр яаран гүйж бага охиноо тэврэн авч нулимсыг арчин аргадаж, яасан миний охин юу болов хэмээн сандран асуухдаа л хоёр гартаа барьсан ууттай маружинг нь анзаарчээ. Тэр эгч миний хүүхэлдэйг аваад зугтаад явчихсан байна, намайг маружин идье гээд байсан эгч аваад явчихаж, муухай эгч гээд охин гомдолтойёо уйлсан хэвээр авч гартаа барьсан маружингаа тас атгасан хэвээр ажээ. Индмаа хүүхдийн тоглоом хулгайлаад явчихдаг өөдгүй хүүхэн бэ хэмээн бодоод том охиноо сандал дээр суулгаж орхиод, багыгаа хөтлөн ойр хавиар хэсэг явж үзсэн боловч уралдаанд сойсон хурдан морь мэт хар хурдаараа зугтан гүйсэн Гандирын барааг дахин олж харахаасаа нэгэнт өнгөрсөн байлаа. Хэсэг наагуур цаагуур явахдаа Индмаа оройн сэрүү нөмөрч нилээдгүй жиндүүхэн байгааг мэдэрч, олигтой сайжралыг нэг л олохгүй байгаа том охиндоо санаа зовж би чамд дараа дэлгүүрээс бүүр хөөрхөн хүүхэлдэй авч өгнө хэмээн охиноо тайвшруулаад хоёр охиноо хөтлөн гэртээ орлоо. Хаалгаа онгойлгоод ороход оройн сэрүүнд бага зэрэг даарсандаа ч тэрүү гэр нь ер бусын нам тайван, цаанаа л нэг дулаахан санагдаж, Индмаагийн сэтгэл доторх хар бөглөөс сарнин алга болох мэт гайхалтай мэдрэмжийг тэрээр мэдэрчээ. Индмаа гүнзгий амьсгаа аваад хоёр охиныхоо хувцасыг тайлаад, өөрийнхөө царайг үүдний толинд удтал харлаа. Ийм хөөрхөн хоёр охинтой хүн чинь өөрийгөө гаргуунд нь хаяад үхээнц царайлаад явж болохгүй гэж Индмаа бодоод гэр орны одоо л нэг эзэгтэй хүний нүдээр дүгнэн ажив. Түрүүхэн уйлж байсан бага охин одоо хүүхэлдэйгээ мартан сатаарч, гартаа байгаа хоёр маружингийн нэгийг нь эгчдээ эвтэй найртай өгөөд хоёулаа гангар гунгар дуугаран юуг ч юм ярилцсаар маружингаа идэхээр завдаж байв. Индмаа танихгүй бас хүүхдийнх нь тоглоомыг аваад явсан хүний өгсөн маружинг идүүлэхээс дургүйцэн авахаар завдсан боловч, хоёр нь охин нь хоёулаа уурлан орилолдож сүйд болохоор нь за юутай ч охин өөрөө дэлгүүрээс авсан юм чинь гэж бодоод загналгүй тэр чигт нь орхилоо. Хамаг гэр орон нь эмх замбараагүй, энд тэндгүй овоорсон хувцас хунараа хараад Индмаа ичих шиг болж, үсний хавчаар шүүрэн авч ардаа хавчаад, оройн хоолоо хийхээр шуурхайллаа. Оройн хоолноосоо Индмаа сурсан заншил ёсоороо халуун савандаа хийж нөхөртөө тавьлаа. Сүүлийн хэд хоногт өглөө болгон халуун савтай хоолоо асгаж байгаа билээ. Нөхөррүүгээ нилээн хэд залгасан боловч утсаа авахгүй болохоор нь ажилруу нь залган асуухад утсаа авч байхыг үзвэл юутай ч мэнд сайн бололтой хэмээн Индмаа боджээ. Оройн хоолны дараа том охины бие нь нилээд дээрдэн халуун нь овоо бууж, зузаан цамцаа тайлан дүүтэйгээ тоглож эхлэхэд, хацарт нь жаахан ягаан туяа татсан байсанд Индмаа ихэд баярлан олзуурхлаа. Хоёр охиноо орон дээр гаргаад бууж болохгүй хэмээн зарлиг буулгаад зурагтаа асаан хүүхэлдэй гаргаад, тэрээр өөрөө гэр орноо толийтол нь цэвэрлэхээр зэхлээ. Яагаад ч юм Индмаа хуучны адил туйлын тайван байгаадаа баяртай байлаа, магадгүй өнөөдөр эсвэл маргааш нөхөр нь уучлал гуйгаад ороод ирнэ гэдэгт итгэлтэй байв. Өөрөө ч гэсэн учир зүггүй хашгиран хэрэлдэж нөхрөө элдвээр хэлсэн буруугаа хүлээж адилхан уучлал гуйна хэмээн дотроо бодсоор орон гэрээ эмхлэн цэгцэлж гарав. Хүүхэлдэйн кино амтархан үзэж буй хоёр охин нь гэнэт чангаар эгдүүтэй инээлдэхэд Индмаагийн дотор сэрдхийн нэг бодол төрж, гартаа угласан бээлийгээ угз татан хаяад охидынхоо дэргэд зэрэгцэн суулаа. Бараг арваад хоног өвдсөн охины халуун гэнэт бууж хацарт нь туяа татсан төдийгүй, огт дуу чимээгүй болчихсон хоёр охин нь инээлдэж байгаа нь сүүлийн хэд хоногт хачин жигтэй үйл дүүрэн болсон энэ гэрт туйлын содон үзэгдэл биш гэж үү. Тэрээр өөрөө ч гэсэн сүүлийн хэд хоногт уймраа эмгэн шиг болчихсон хирнээ охидтойгоо зэрэгцэн сэхэл авч байх гэж. Индмаа гэнэт хар дарсан тэр шөнийн зүүдэнд мөс шиг хүйтэн цэнхэр нүд гэнэт гарч ирсэн өрөөний тэрхүү буланг ширтэн харсанаа сая л гайхал төрүүлээд байсан гэнэтийн тайвшралынхаа цаад учрыг ойлгож амандаа аяархан дуу алджээ. Индмаа тэр дороо босч гэрээ тойруулан юуг ч юм хайсаар гялгар торонд нилээд зүйл хийчихээд, ээж нь хогоо хаяад ирье хэмээгээд бушуухан гүйн гарч байрны буланд байдаг хогийн том төмөр саванд барьж гарсан ууттай зүйлээ хүчтэй чулуудан хийхэд түүний дотроос нэгэн бул чулууг гаргаад шидэх мэт болов. Гэртээ буцан ороод цэвэрлэгээгээ үргэлжлүүлэн гэрээ цэмбийлгэж байхдаа Индмаа охиддоо дахин хэзээ ч хүүхэлдэй авч өгөхгүй шийджээ. Түрүүхэн гаргаж шидсэн тортой зүйл нь охидын тоглодог хуучин шинэ, том жижиг хэд хэдэн хүүхэлдэй байсныг хоорондоо тоглон зурагт үзсээр суугаа хоёр охид нь мэдсэнгүй. Гэрээ сайхан цэвэрлэж дуусаад Индмаа буйдан дээр тухлан сууж, оройн киног нэг ширтэн, хуучин янзаар хоорондоо ноцолдон инээлдэх хоёр охиноо нэг ширтэн сэтгэл хангалуун сууснаа гар нь өөрийн эрхгүй утсаа шүүрэн авч нөхрийнхөө дугаарруу залгалаа. Гурвантаа дуудсаны эцэст нөхөр нь утсаа авлаа, хэрэг тарьчихаад Индмааг аргаддаг хуучин цагийнх шигээ хулчгардуухан дуугаар гэртээ очиж явна хэмээн аргадангүй дуугарахыг сонсоод Индмаагийн хоолой өөрийн эрхгүй зангирч хоол чинь халуунаараа байгаа хэмээгээд утсаа таслан гартаа чангаар атгаад, толины өмнө очин уруулаа хөнгөхөн будаж орхив. Хоёр охинруугаа эргэн харж аав нь ирж явна гээд аз жаргал дүүрэн инээмсэглэж буй Индмаагийн нүдэнд гялалзах хэдхэн дусал нулимс түүнийг улам ч сайхан харагдуулж байлаа. . .
Гандир хүүхэлдэйг бушуухан элснээс суга татан гаргаж, гарандаа тас атгаад хар хурдаараа гүйн одож, хоёр гурван байрны цаана орсоны дараа л түр зогсон арайхийн амьсгаагаа дарлаа. Бурхан минь ашгүй охиноос зугтаж чадлаа хэмээн олзуурхан бодохдоо, тортой хүнсээ орхиод ухаан жолоогүй гүйснээ мэдэв. Оройн сэрүү хэдийнэ эргэн тойрныг нөмөрч, тун удахгүй нар шингэх гэж байгааг хараад Гандир цухалдан сандарлаа. Одоо би энэ хүүхэлдэйг яах ёстой вэ, гудамжинд орхиод явж лав болохгүй юм байна. Тэрээр байрны буланд харагдах том төмөр хогийн сав өөд хэд алхсанаа тэр дороо зогслоо. Энэ өөдгүй хүүхэлдэй харанхуй болмогц хогийн савнаас авирч гараад, өглөө гэхэд Гандирын гэрийг олоод ирэх нь лавтай. Гандир түүнийг яах аргаа шийдэж ядан, хүмүүс дүүрэн хөлхсөн машин замын дэргэд хэсэг зуур бодолхийлов. Ачааны том машин дөхөн ирэхэд хүүхэлдэйг зам тосгуулан шидэх хүсэл төрсөн хэдий ч, резинэн хүүхэлдэй шүү дээ хэмээн хаширлав. Машин явж өнгөрсөний дөрөө газартай наалдан тэгширсэн хүүхэлдэй замын голоос өндийн босоод ирэхвий хэмээсэн айдас Гандирын дотрыг маажин амраасангүй. Нар шингэж харанхуй болохтой зэрэг гар хүйт оргиулсан энэ хүүхэлдэй сарвалзан хөдлөж түүний гарыг тас хазах юм уу, эсвэл тэрнээс доор юм тохиолдож Гандир өөрөө хүйтэн цэнхэр нүдтэй болчихоод энэ хүүхэлдэйг тэврээд гэртээ харьж ч магадгүй гэсэн зэвүүн бодлоосоо Гандир үхэтлээ айж, хүүхэлдэйг хаашаа далд оруулах вэ хэмээн аргаа тасартал бодон гудамжинд зогссоор байлаа. Харамсалтай цаг хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрч, нэг мэдэхэд Гандирыг айлгах гэсэн мэт нар алгуурхан шингэж, эргэн тойрон шөнийг угтсан үдшийн сүүмгэр бүрэнхий нөмрөн авахад Гандир золтой л уйлчихалгүй тэвчлээ. Гар өргөн такси хүлээн зогсохдоо тэрээр дараа нь юу ч болсон хамаагүй Цагаан давааны хогийн цэгт хүүхэлдэйг орхиод ирэхээр шийджээ. Тэдгээр газарт хоргодох олон ноход шөнө сүүмэлзэн алхаж явах хүйтэн цэнхэр нүдэт хүүхэлдэйг тасар татан хаяж магад гэсэн далд бодол өвөртөлж байлаа. Тун удалгүй сити такси хажууд нь тоормозлон зогсоход Гандир хойд суудалд суух зуураа, Цагаан даваа хаана байдгийг мэдэхгүй биз хэмээн асуухад жолооч эргэн хартал. . . Бурхан минь бүрэнхийн дунд жолоочийн хоёр нүднээс цэнхэр туяа татаж байхыг харсан Гандир хааж амжаагүй байсан хаалгаа тас саван таксинаас үсрэн бууж, онгорхой дэлгүүр чиглэн хар хурдаараа зугтаж орхив. Дэлгүүрийн үүдэнд очоод цочирдон айсан Гандир цүнхээ онгойлгон гар утсаа гаргатал өглөөхөн дүүртэл нь цэнэглэсэн гар утас нь өөрөө унтарсан байхыг үзээд хүүхэлдэйг аль хэдийнэ амилж эхлэсэнийг мэдэж, хамаг бие нь өөрийн эрхгүй дагжин чичирлээ. Яг одоо ямар нэг үйлдэл хийхгүй л юм бол хэдхэн минутын дараа Гандир өөрөө цэнхэр нүдээр орчныг гийгүүлсээр балчир охин дээрээ очно гэдэгт одоо тэрээр туйлын итгэлтэй болжээ. Гандир нэгэн санаа олж ухасхийн гудамжаар гүйлээ, таксинд сууж л лав болохгүй, тэндээс Гандир амьд бууж ирэхгүй ч байж магад. Урд нь хөл хөдөлгөөн дүүрэн байдаг хотын гудамж цаанаа л нэг эзэнгүй мэт хоосорсон байсан ч Гандир тэвдэлгүй гүйсээр байв. Харин Гандир цаг хугацааны хувьд даанч буруу тооцолсон байжээ. Тэрээр зорьсон зүйлдээ харамсалтай нь хүрч амжихгүй гэдгээ гэнэт тод томруун ухаарлаа. Дахин хоёрхон алхахад түүний бие нь хөрөх мэт санагдан, гайтай хүүхэлдэйг атгасан баруун гарын үзүүрээс нь эхлэн ямар нэг үл мэдэгдэх хүйтэн зүйл дээшлэн ирэх нь түүнд мэдрэгдлээ. Гандир бахардан хашгираад мэдээ алдаж буй мэт болсон баруун гараа сүүлчийн хүчээ шавхан хөдөлгөж, гартаа атгасан хүүхэлдэйг газарт чулуудаад гараа атган сөхрөн унах нь тэр. Хүүхэлдэй хүчтэй шидэгдэн газраар өнхрөөд, замын хажууханд байсан онгорхой траншейны нүхрүү орж тас хийн унах нь дуулдлаа. Гандир бие нь хүйт даахаа больж, арай дээрдэж эхлэхийг мэдэрч эхлэв. Гэхдээ траншейны нүхрүү өнгийн харахаас эмээн, нүүр буруулан зугтахаар өндийтөл, бүрэнхий дундаас том арзгар толгой нүхнээс урган гарахыг хараад өөрийн эрхгүй хахирган дуугаар чарлаж орхилоо. Хүүхэлдэй ийм том болоод гараад ирлээ гэж үү дээ. Чи юу гээд чарлаад байгаа юм хэмээн халамцуу дуутай хүн түүнээс дуталгүй бахирахад Гандир сая сэхээ орон чимээгүй болтол, өнөөх согтуу этгээд чанга дуугаар Гандирыг загнаж эхлэв. Битгий гэрийн тооноор хог хаяад байгаарай, та муусайн юмнуудад дээрэлхүүлэхгүй шүү, тэгээд бас сүнс үзсэн хүн шиг чарлана гэнээ, энд чинь айл гэр амьдардаг юм мэдэв үү хэмээн хашгиран загнаж эхлэхэд Гандир бараг л баярлах мэт болж, тэндээс гүйн холдоод бушуухан гэртээ харихаар яарчээ. Энэ хүн гарч ирж чанга дуугаар хашгирахыг бодвол хүүхэлдэй бяц унасан бололтой гэж Гандир дотроо бодсон ажээ. Гандир гэртээ ирээд шөнөжин унталгүй үүр цайлгажээ. Нөхөр охин хоёр нь гүн нойронд автан таатайяа унтана. Тэрээр гэртээ тохиолдсон зовлонгийн гэрч болох бяцхан гөлгөө энгэртээ тэвэрсээр, шөнөжин нүд хамхилгүй үүр цайлгалаа. Тэдний гөлөг нь тэдди гэсэн нэртэй болсон төдийгүй хөөрхөн цондгор болон таргалж, хэдийнэ хэргийн эзэн болж эхэлж байгаа билээ. Гандир нохойны төрөлх зөн билгэнд итгэн, тэддигээ тэвэрсээр өчүүхэн чимээ бүрд давхийн цочсоор орон дээрээ бүлтэлзэн суулаа. Гэхдээ л өөрөөс нь түрүүлж хүүхэлдэй ирэхийг мэдрэх ёстой тэдди гөлөг нь Гандирын өвөр дээр улам ч тухлан унтсаар л байсан нь Гандирын айдсыг бага боловч улам улмаар нимгэлсээр л байв. Хацранд нь нэг нойтон зүйл хүрэх мэт болоход Гандир огло үсрэн бостол тэддигээ тэврээд аль хэдийнэ дуг нойрондоо дугжирчихсан байх нь тэр. Тэдди нь түүнийг сэрэхийг хараад гадагшаа гаргаж магад хэмээн бодсон бололтой бяцхан сүүлээ өргөн сайхан аашлан хөлд нь наалдлаа. Гандир бушуухан нөхрөө сэрээж, дараа нь нам унтсаар буй охиноо чангаав. Нойрмог нүдтэй нөхөр нь цайгаа чаначихсан юм уу хэмээн асуусаар орондоо улам шургаж, охин нь нүдээ тас анисан хэвээр ээжээ би цэцэрлэгтээ өнөөдөр явахгүй байя л даа хэмээн уруул цорвойн үглэхийг хараад Гандирын сэтгэл бүр мөсөн амарлаа. Тэдний гэр бүлийн өглөөний амьдрал урдын л адилаар хэвийн эхэлжээ. Хүүхэлдэй эргэн ирсэнгүй, тэрээр дахин хэзээ ч эргэн ирэхгүй. Гандир дуу аялан өглөөний цайгаа бэлтгэн, галтогооны өрөөний хөшгөө цэлийтэл нь татахад, өглөөний нарны гэрэл илч дагуулан цацран орж ирлээ. Энэ цаг мөчөөс 8 цагийн өмнө. Өнөөдөр тэдний галын хувьд жаахан аз муутай, орлого багатай өдөр байснаас траншейны овгор гэгч мөнхийн согтуу явдаг дунд насны эр ихээхэн ааш муутай байлаа. Түрүүхэн хогноос түүсэн хэсэг цаасан хайрцгыг асаан гал өрдөн суусан тэдний толгой дээрээс зүйл шидэгдэн орж ирж тас хийн унах нь тэр. Овгор гуай юу шидсэнийг нь үл анзааран бушуу гэгч нь дээшээ авирч, хог шидсэн эзнийг олж хараал чулуудахаар авирах одов. Галын хамгийн бага нь бас хамгийн их дээрэлхүүлдэг нь болох 9 настай уравгар хүү ар талдаа шидэгдэн унасан зүйлийг нууцхан харвал, галын сүүмгэр гэрэлд хөөрхөн гэгч нь хүүхэлдэй харагдлаа. Бас ч үгүй шинэвтэр юм гээч гээд хүү гараа явуулан хүүхэлдэйг сэмхэн аваад, шөнө унтахдаа ор болгон хэрэглэдэг хэсэг картон цаасны доогуур эвтэйхэн гэгч нь далдаллаа. Өглөө эртлэн босоод ах нараас нуугаад зарчихвал нилээд хэдэн хуушуур аваад идэх мөнгөтэй болно хэмээн бяцхан ухаандаа хэдийнэ тооцоолчихжээ. Санаагаа амартал хараасны дараа овгор гуай найгалзан бууж ирээд, үргэлжлүүлэн үглэсэнээ гэнэт юу шидсэн бэ хэмээн асуув. Сандарсан хүү юу ч биш байна лээ, хэсэг хог гэж бүхний түрүүн хариулсанаар асуудал шийдэгдэн тэгсгээд намжив. Өдрийн багахан олзоо хуваан, овгор хүн бурд хувь хүртээсний дараа өрдөж буй гал ч сүүмэлзэн, хүмүүс ч унтах тийшээ хандлаа. Хөөрхий хүү олдсон жаахан хүнсээ идэж суугаад, түрүүхэн нуусан хүүхэлдэйгээ таг мартаж орхиод хэдэн картон цаасаа цуглуулан траншейны цаад бүланруу зүтгэтэл гайт хүүхэлдэй цаасны завсараас өнхөрөн унаж траншейны овгор гэгч ааш муут эрийн өмнөхөн талд тогтох нь тэр. Тэрээр архирах мэт муухай дуу гарган өнөөх хүүхэлдэйг газраас аваад хөөрхий хүүг нэг сайн гэгч нь өшиглөж орхив. Чи энийг хаанаас олж авсан бэ, ганцаараа зараад завших гэж байна уу хэмээгээд хүүг дахин нэг өшиглөж аваад, бараг унтарч буй галын дэргэд суун, хармаанаасаа хэзээ ч салгадаггүй матигар хар хутгаа сугалан гаргав. Тэрээр хүүг хутгалах нь уу хэмээн айсан нүдээр харах бусдыгаа тойруулан хараад дахин бусдаасаа олсон зүйлээ нуусан хэнийг ч болов эндээс хөөнө хэмээн шүлсээ үсэргэн өгүүлээд хүүг дуудан дэргэдээ ирэхийг тушаав. Хүүг дахин хэдэн удаа өшиглөж орхиод, махигар хутгаараа хүүхэлдэйн гар хөлийг тэр дор нь огтлож эхлэхийг хараад хүү зодуулсандаа бус, харамласандаа хорсон уйлж эхэллээ. Согтуу эр хүүгийн уйлахыг хараад улам ихээр баясан салгалсан гараараа бяцхан резинэн хүүхэлдэйг тас тас огтчин галруу хаяж суухдаа, хүүхэлдэйн цэв цэнхэр нүд хэрхэн хорсолтой анивалзахыг, хутгаар огтчих бүрт түүний резинэн гар хөл хэрхэн татвалзахыг огтхон ч анзааралгүй гартаа тас атгасаар, согтуу ухаандаа хүүг хашрааж байна хэмээн бахаа хангаж, гэнэт хүчтэй дүрэлзэн асч эхэлсэн галруу хүүхэлдэйг хэсэг хэсгээр огтчин хийж байлаа. . . Төгсөв
Энэхүү өгүүллэгийн зохиолч нь: Sienna гэдэг авъяаслаг бүсгүй байдаг юм шүү biggrin
Сэтгэгдэлүүд: 1
1 | soul <<< бичсэн | 2011-11-01 | 9:23 PM Сэтгэгдэлтэй хуудас |
aimr2 yoo duuustal ni unshchlaashdee
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !