|
Канадууд өвлийн спортуудад яагаад өндөр амжилт гаргадгийн нууц нь тус улсын өвөрмөц цаг агаар, байгалийн зохицолдсоноос гадна хүүхдүүд хөлд орох үеэсээ эхлээд тэшүүрээр гулгаж сурдаг тухай бид ярьж байсан билээ. Тэгвэл Канадчууд хоккейн спорт-д хайртай шигээ бөхийн спорт-д ч гэсэн тун элгэмсэг ард түмэн юм. Тив дэлхийд данстай, олимп дэлхийн аваргуудыг төрүүлэн гаргаж байсан гэдгээрээ Канадчууд алдартай. Тэгвэл Канадын иргэд нь бөхийн спорт, тэр дундаа чөлөөт бөхийн төрлийг ихээхэн сонирхдог. Тийм болохоор өөрсдийн хүүхдүүдийг бүр багаас нь спортоор хичээллүүлж, тэмцээн уралдаанд идэвхтэй оролцуулдаг ажээ. Зөвхөн 7-н хоногтоо нэг удаа биеийн тамирын хичээл маягаар биш, дунд сургуулийн хичээлийн програмд өдөр бүр бэлтгэл сургуулилт маягаар тусгаж өгсөн байх юм. Эцэг эхчүүд ч нь өөрсдөө үүнд дэмжсэн байдалтай хандаж, хүүхдийнхээ спортоор хичээллэхийг идэвхтэй дэмждэг байна. Бид Канадын Бритиш Колумбия мужийн Ванкувер хотын нэгэн дунд сургуульд зочлох үеэрээ ч гэсэн үүний нотолгоог өөрсдийн биеэр харсан билээ. Пайн-трии нэртэй энэхүү дунд сургуулийн хувьд хүүхдүүдийн дунд өсвөр насныхны бөхийн тэмцээн зохиогдож байхтай бид таарсан юм. Энэ өдөр Канадын эрэгтэйчүүдийн шайбтай хоккейн шигшээ баг нь ОХУ-ын багтай шийдвэрлэх тоглолт хийж байсан ч гэлээ хоккейд дуртай Канадчууд маань хүүхдээ хэрхэн барилдахыг сонирхохоор маш идэвхтэй цугларчээ. Нэг зүйлийг энд мартаж болохгүй, хэдийгээр ажлын өдөр байсан ч эцэг эхчүүд нь спорт заланд идэвхийлэн ирцгээсэн нь хүүхдүүдийнхээ спортын боловсролд ямар их анхаарал тавьж, өөрсдийн цаг завийг зориулж чаддагийн илэрхийлэл нь болов уу. Хүүхдийн бие бялдар, өв тэгш хөгжил, зөв боловсролд спорт асар үүрэгтэй болохыг эцэг эхчүүд нь бүрэн ухамсарладаг нь үнэхээр сайшаалтай. Зөвхөн нэг дүүргийн дунд сургуулиуд хоорондын бөхийн тэмцээн нь энэ бөгөөд хүүхдүүдийг багаас нь бөхийн спорт-д дуртай болгох үүднээс ийнхүү бүр багаас нь спорт хөтөлбөр маягаар хичээллүүлдэг юм байна.
|