|
Америкийн кино академийн дээд шагнал "Оскар” гардуулах 82 дахь ёслолын ажиллагаа Лос-Анжелост боллоо.
Энэ жилийн шилдэг киногоор "Шуурга эзэгнэгч” тодров. Ирак дахь дайны
тухай өгүүлсэн түүх Америкийн кино академийн 6000 гишүүний олонхийн
саналыг авчээ. Өнөөгийн
"Оскар”-ын шагнал гардуулах ёслолын хамгийн гол анхаарал татсан сэдэв
бол тус бүр есөн номинацид нэр дэвшсэн "Шуурга эзэгнэгч” болон
"Аватар”-ын өрсөлдөөн байсан юм. "Шуурга эзэгнэгч” багахан орлогоор
бүтсэн, кино прокатаас ердөө л 15 сая ам.доллар цуглуулсан. Харин
"Аватар” технологийн гайхамшгаар зарлагдаж, бүх цаг үеийн хамгийн өндөр
орлого буюу хоёр тэрбум гаруй ам.доллар олчихоод байгаа. Дээр нь энэ
өрсөлдөөнийг хурцалж байгаа нэг зүйл нь хоёр киноны найруулагчид болох
Кэтрин Беглоу болон Жеймс Камерон нар эхнэр, нөхөр байсан.
"Шуурга эзэгнэгч” энэ өдөр таван "Оскар”-ын эзэн болсон бол "Аватар”
шилдэг уран сайхны дүрслэл, зураглаач, тусгай эффект гэсэн гурван
номинацийг авчээ.

Энэ хоёр кинотой "Боловсрол”, "Үл үзэгдэгч тал”, "IX дүүрэг”, "Нэр
хүндгүй новшнууд”, "Чухал хүн”, "Дээшээ”, "Тужься”, "Би тэнгэрт гармаар
байна” кинонууд хүч үзсэн юм. 1943 оноос хойш анх удаа гол номинацийн
төлөө тав биш арван кино өрсөлдлөө.
"Шуурга эзэгнэгч” киноны найруулагч Кэтрин Бигелоу шилдэг
найруулагчийн шагнал хүртсэнээр энэ номинацийн эзэн болсон анхны
эмэгтэй болж байна. "Галзуу зүрх” киноны дүрээрээ Жефф Брижес Америкийн
кино академийн шилдэг эрэгтэй жүжигчний "Оскар”-ын эзэн боллоо. Энэ
номинацид Жорж Клуни, Колин Ферт, Морган Фриман, Жереми Реннер нар
өрсөлдсөн юм.
Харин шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг Квентин Тарантиногийн
"Нэр хүндгүй новшнууд” кинонд бүтээсэн дүрээрээ Кристоф Вальц хүртжээ.
Түүнтэй Мэтт Дэймон, Вуди Харрельсон, Кристофер Пламер, Стенли Тучи нар
өрсөлдөхөөр нэр дэвшсэн.
Сандра Баллок "Үл үзэгдэгч тал” киноны дүрээр шилдэг эмэгтэй
жүжигчний "Оскар” хүртлээ. Энэхүү шагналын төлөө Кэри Маллиган, Габури
Сидибе, Мэрил Стрип, Хелен Миррен нар өрсөлджээ.
Шилдэг эмэгтэй туслах дүрийн "Оскар”-ын төлөө Пенелопа Крус, Вера Фармига, Мэгги Гилленхаал,
Анна Кендрик нартай өрсөлдөн жүжигчин Моник "Тужься” киноны дүрээр шагналын эзэн боллоо.
Энэ жилийн шилдэг гадаад киноны номинацийн эзнээр Аргентины
найруулагч Хуан Хосе Кампанеллагийн "Нууц түүний нүдэнд байгаа”
тодорчээ. Олон тооны агаарын бөмбөлөгөнд дүүжлэгдэн байшинтайгаа аялдаг
хачин өвгөний тухай өгүүлдэг "Дээшээ” хүүхэлдэйн кино шилдэг бүрэн
хэмжээний зурган киногоор шалгарлаа.
Оскарын 5 номинацийн эзэн болсон "Шуурга Эзэгнэгч” киноны трейлэрийг та бүхэндээ хүргэж байна.
|