Та бидний өдөр тутмын хэрэглээний нэг болсон интернэт энэ оны
Нобелийн энх тайвны шагналд нэр нь дэвшсэн 237 хувь хүн болон
байгууллагын дунд багтжээ.
2009 оны Нобелийн энх тайвны шагналд 205 нэр дэвшигч бүртгэгдэж
байсан бол энэ онд тоо нь өсчээ. Харилцан яриа, хэлэлцүүлэг, зөвшил
зэргийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хэмээн Италийн "Wired” сэтгүүл
интернэтийг 2010 оны Нобелийн шагналд дэвшүүлсэн байна. "Нобелийн хороо
Энх тайвны шагналд олон мянган нэр дэвшигчийг хүлээн авсан. Тэдгээрийн
заримыг ердөө нэг хүн дэвшүүлсэн бол зарим нь 10, 100 гээд янз бүр
байгаа. Байгууллагын нууц гэдэг үүднээс нэр дэвшигчдийн жагсаалтыг
нийтэлдэггүй ч зарим нэг нэр дэвшүүлэгчид өөрсдийн сонголтоо бусдад
зарлачихдаг” гэж Нобелийн хүрээлэнгийн захирал Геир Лундестад
"Би-Би-Си” агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
2003 оны Нобелийн энх тайвны шагналтан Ширин Эбади, 100 долларын
зөөврийн компьютер төслийн санаачлагч Николас Негропонте нар
интернэтийг дэвшүүлснийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Нобелийн энх
тайвны шагналд мөн Оросын хүний эрхийн төлөө тэмцэгч Светлана
Ганнушкина, Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч Лиу Сиаобогийн нэр
дэвшжээ.
Норвегийн Нобелийн хорооны гишүүд Энх тайвны шагналын эзнийг
тодруулдаг билээ. Гуравдугаар сарын 9-нд болдог хорооны гишүүдийн эхний
хурлаар таван гишүүн нэр дэвшигчдээс сонголтоо хийдэг аж. Энэ оны
Нобелийн утга зохиолын шагналын эзнийг 10 дугаар сарын 8-нд зарлахаар
төлөвлөжээ. Үүнээс гадна Нобелийн шагналыг дагалдан ирэх мөнгөний дүн
өмнөх онуудтайгаа адил байна. Өнгөрсөн оны Нобелийн энх тайвны шагналыг
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүртсэн бөгөөд шагналыг 10 сая швед крон
/1,4 сая доллар/ дагалджээ. Харин 2010 онд интернэт энх тайвны шагнал
хүртвэл шагналыг нь хэн гардан авах нь тодорхой бус байгаа юм.
С.Отгонбаяр