|

нтернэт ертөнц нь дэлхийн улс орнуудыг хил хязгааргүй холбох нэгэн
сайхан боломжийг хүн төрөлхтөнд нээж өгсөн билээ. Гэтэл үүнийг даган
мэдээллийн технологиор дамжуулан хүүхэд, эмэгтэйчүүдийг худалдаалах,
садар самууныг сурталчилгаанд ашиглах зэрэг гэмт хэрэг ч хил хязгааргүй
болж, улам нарийсч байна. Энэ бүхэнтэй холбогдуулан дэлхийн хэмжээнд
цахим орчны аюулгүй байдлын ач холбогдол улам өсч, чухал асуудлуудын нэг
болоод байгаа юм. Манай улсад мэдээлэл хүлээн авах, дамжуулах, солилцох
аливаа хэрэгсэл тодорхой хязгаар, шүүлтүүргүйн улмаас нийгмийн ёс
суртахуун, ухамсар, хүүхэд залуучуудын хөгжил, сэтгэхүйд нөлөөлөх болсон
ч үүний эсрэг арга хэмжээ авч чадахгүй өдийг хүрсэн билээ. Харин
Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар /МШХХТГ/, Харилцаа
холбооны зохицуулах хороо / ХХЗХ/-ны удирдлага, Мэргэжлийн хяналтын
ерөнхий газар /МХЕГ/, "Тэгш мөр төв” төрийн бус байгууллага энэ бүхэнтэй
хамтран тэмцэхээр болж, "Мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хангах
хамтын ажиллагаа” сэдэвтэй хэвлэлийн бага хурал хийлээ.
Дэлхийн цахилгаан холбооны байгууллагын гишүүн орны хувьд манай улс
мэдээлэл технологийн талаар тодорхой зөвлөмжийг гаргаж, хяналтын
системийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ ажлын хүрээнд эхний
ээлжинд телевизүүдэд хяналт тавин, хамтран ажиллахаар болсон байна.
Телевизүүдээр гарч буй нэвтрүүлэг, кинонуудыг ямар насныхан үзэж болох
талаарх тэмдэг тэмдэглэгээг заавал харуулсан байх ёстой.
Тэрхүү анхааруулсан агуулга нь телевиз бүрт адил байх гэнэ. Энэхүү
үйл ажиллагааг зургадугаар сарын 1-нийг хүртэл туршилтаар нэвтрүүлэх
бөгөөд тус өдрөөс цааш албан ёсоор хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж. Мөн
интернэт кафенуудыг тоноглол, тохижилтын байдлаар нь хоёр төрөлд ангилан
бүртгэхээр болсон байна. 18+ ангиллын мэдээллийг үзүүлж болох интернэт
кафе нь компьютер бүрт тасалгаа хийж, чихэвч зэрэг төхөөрөмжүүдийг
заавал ашигласан байх, харин ийм тохижилт хийгээгүй кафенууд насанд
хүрэгчдэд зориулсан агуулга бүхий сайтуудыг заавал блоклосон байх
учиртай гэнэ.
Өнөөдөр манай улсад 2000 гаруй вэб сайт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд
үүнээс арав орчим нь садар самууныг сурталчилсан мэдээлэл цацдаг гэсэн
албан бус тоо байдаг байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа
тусгай зөвшөөрөл бүхий МХХТ-ийн компаниудын эрхэлдэг сайтуудад хууль бус
агуулга байрлуулах, бусдад ийм агуулга бүхий мэдээллээр үйлчлэх,
дамжуулах, түгээхийг хориглохын зэрэгцээ төсвийн хөрөнгөөр интернэтийн
төлбөрөө төлүүлдэг төрийн болон төсөвт байгууллагуудын интернэт
үйлчилгээнд заавал шүүлтүүрүүр байрлуулж, хууль бус агуулгыг хязгаарлах
арга хэмжээ авах юм. Ингэснээр төрийн байгууллагын ажилчид ямар нэгэн
кино, дуу татаж авах боломжгүй болох бөгөөд зөрчсөн тохиолдолд тухайн
интернэтийн үйлчилгээ эрхэлж буй компанитай нь хариуцлага тооцох аж. Энэ
ажил нь ирэх долдугаар сарын нэгнээс албан ёсоор мөрдөгдөхөөр
төлөвлөгдсөн байна.
Хэрэв байгууллагууд, телевизүүд эдгээр шаардлагыг зөрчиж, үзэж болох,
болохгүй насны хязгаарыг илтгэсэн тэмдэглэгээ хийгээгүй, веб сайтууд
хориглогдсон, хууль бус агуулга байршуулан түгээж, интернэт кафенууд
үйлчилгээний тогтоосон шаардлагыг биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг нь
цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллахаа МШХХТГ, ХХЗХ, ХЗДХЯ, УМХЕГ-ын
хяналтын ажилтнууд албан ёсоор мэдэгдсэн юм. Мөн интернэт үйлчилгээний
компаниудад харилцагч байгууллагуудынхаа сүлжээнд шүүлтүүр тавих ажлыг
нэн даруй хийж хэрэгжүүлэхийг зөвлөлөө.
Төрийн болон төрийн бус, шинжлэх ухааны байгууллагууд энэ ажлынхаа
хүрээнд цаашлаад хэвлэл мэдээллийн аливаа байгууллага өөрсдөө дотоод ёс
зүйн дүрэм гаргах, түүнийгээ хэрэгжүүлэх механизмыг боловсруулахаар, айл
өрх, гэрийн нөхцөлд интернэтийн сүлжээнд эцэг, эхийн хяналтыг
идэвхижүүлэн бий болгохоор төлөвлөж байгаа ажээ.
Э.Од
|