Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-өөс өнөөдөр газар хөдлөлтийн
идэвхжлийн талаар мэдээлэл хийлээ. ҮАБЗ-ийн референт Д.Энхмаа, ахлах
ажилтан Д.Адъяабазар нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ 2010 он
гарсаар Монгол Улсын хэмжээнд 14 удаа газар хөдөлжээ. Хамгийн сүүлчийнх
нь энэ сарын 24-нд Дорноговь аймгийн төв Сайншандын ойролцоо болсон 3.6
магнитудын газар хөдлөлт юм. Одон орон, геофизик судалгааны төвийн
эрдэмтдийн судалгаанаас үзэхэд 2010-2012 онд газар хөдлөлтийн идэвхтэй
үе тохиож байгаа юм байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард Дундговь
аймгийн Дэрэн суманд болсон газар хөдлөлтийн дараа Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсч ҮАБЗ-д тодорхой
үүрэг чиглэл өгчээ. Үүний дагуу Ерөнхий сайд захирамж гарган Шадар сайд
М.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг томилжээ. Уг ажлын хэсэг газар
хөдлөлөөс урьдчилан сэргийлэх, газар хөдлөлт болсон үед авах арга хэмжээ
болон гамшгийн хор хохирлыг бууруулах ажиллагааны талаархитөлөвлөгөөг
шинэчлэн боловсруулаад байгаа ажээ. ҮАБЗ-д Одон орон,геофизикийн
судалгааны төвийнхөн газар хөдлөлтийн талаарх судалгаагаа байнга
ирүүлдэг болсон гэнэ.. Яг хэзээ газар хөдлөхийг тогтоох боломжгүй ч
магадлал өндөр гэдгийг мэргэжилтнүүд баталжээ. Гэхдээ телевизийн шууд
нэвтрүүлгээр астрологич гэх зарим хүний дөрөвдүгээр сарын 28-нд газар
хөдөлнө гэх мэтээр ярьсан яриа нь цуурхал бөгөөд ингэж нийгмийн сэтгэл
зүйд сөргөөр нөлөөлөхгүй байхыг ҮАБЗ-ийн ажлын албанаас анхааруулав.
Өнөө маргааш газар хөдөлнө гэх цуу ярианд итгэж стресст автахгүй байхыг ч
санууллаа.
Газар хөдлөлтөөс ямар хор хохирол учрах нь газар
хөдлөлтийн балл, мөн барилгын чанараас шалтгаалах ажээ.
Ерөнхийлөгч
газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлах чиглэлээр өгсөн үүрэг
даалгаврынхаа хэрэгжилтийн талаар ирэх даваа гаригт мэдээлэл сонсохоор
болжээ.
Д.ОЮУН