Англид төвтэй, дэлхийн 36 оронд салбартай зөвлөгөө, судалгааны "Оксфорд бизнес групп” компани энэ сэтгүүлийг эрхлэн гаргадаг ажээ. "The Report” нь олон мянган уншигч, захиалагчтай томоохон сэтгүүл бөгөөд дэлхийн улс орнуудын удирдагчидтай хийсэн ярилцлагуудыг тогтмол нийтэлдэг юм байна. Тухайлбал, Сингапурын Ерөнхий сайд Ли Куан Ю, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Францын Ерөнхийлөгч Никола Саркози зэрэг олон удирдагч ярилцлага өгч байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус сэтгүүлийн сурвалжлагчдад өчигдөр ярилцлага өгч тэдний сонирхсон асуултуудад хариулав. 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш ямар өөрчлөлт, шинэчлэл хийгээд байна вэ? Эдийн засгийн салбарт ирэх таван жилд стратегийн тэргүүлэх чиглэлүүд юу байх бол? Эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч уул уурхай байгаа нөхцөлд Монгол Улс эдийн засгийн ямар загварыг сонгох ёстой гэж бодож байна? Дэлхийн баялагтай 10 орны нэгийн хувьд жирийн иргэдэд тэр баялгаас ашиг хүртээх ямар алхам хийж байгаа вэ? Орос, Хятад гэсэн хоёр хөрштэйгөө ямар замаар танай улс харилцаагаа бэхжүүлж чадна гэж бодож байна? Энэ мэт олон асуултыг тэд Ерөнхийлөгчид тавьж ярилцав.